Жил ирэх тусам Хятадын автомашин худалдан авах чадвар огцом өсөлттэй байгаа ба жилдээ хэдхэн ширхэг үйлдвэрлэдэг тансаг ангиллын автомашинаас эхлээд энгийн хэрэглээний автомашин хүртэл бараг бүгд л автомашинаа тус зах зээлд үйлдвэрлэдэг болоод байна. Энэхүү том зах зээлийг түшиглэн 2 жил тутам зохион байгуулагдах болсон Бээжин мотор шоуны 12 дахь удаагийнх энэ оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 2-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү авто шоуны цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаагийн нэг илрэл бол үзэсгэлэнд оролцогч автомашин үйлдвэрлэгчид болон үзэсгэлэнг сонирхогчдын тооноос харагдаж байна.Энэ жилийн үзэсгэлэн Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан ба нийт 14 орны 2000 гаруй загварын автомашинууд танилцуулагдсан байна. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр гарсан тооцоогоор нийт 800,000 гаруй хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Мөн ач холбогдол, үр нөлөөгөө тэлж байгаагийн нотолгоо бол үзэсгэлэнгийн эхний өдрүүдэд болсон хэвлэлийнхэнд зориулсан өдөрлөгөөр Nissan Renault аллиансын ерөнхийлөгч ноён Carlos Ghosn, Mercedes Benz-ийн тэргүүн ноён Dieter Zetsche болон Jaguar, Ford, Maserati брэндүүдийг хариуцсан захирлууд өөрийн биеэр нээлтэнд оролцсон явдал юм.
Carlos Ghosn-ы хувьд Nissan, Infiniti болон Renault брэндийн зарим загваруудыг танилцуулж, зургаа авхуулсан байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд Ниссан Мотор компани нь GTR, Teana, Sylphy, Sunny, Tiida, NV200, Pivo 3 зэрэг загваруудынхаа шинэчлэгдсэн хувилбаруудыг үзэгчдэд танилцууллаа.
Ниссан Мотор компанийн түлхүү сурталчилж байсан сэдэв бол Zero emission буюу байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй автомашинуудаа онцлон танилцуулах явдал байлаа.
Нью Иорк хотод такси үйлчилгээнд нэвтрүүлээд буй NV200 загвараас эхлээд бүх загварууд дээр “Pure Drive” буюу байгальд ээлтэй жолоодлого гэсэн тодотголтой байсан юм.
Харин Infiniti нь M37, FX35, саяхан танилцуулж дэлхий даяар шуугиан тариад буй Emerge-E concept, EX35, G35 convertible, F1-ийн аварга Инфинити хөдөлгүүртэй Red Bull багийн загваруудыг танилцууллаа. Өөрийн брэнд өнгө болсон хөх ягаан өнгөөр тайз засал болон машины чимэглэл, гэрлэн чимэглэлүүдийг хийсэн нь бусдаасаа ялгарч, тансаг ангиллын автомашиныг илтгэхүйц тансаг харагдуулж байсан юм.
Тус үзэсгэлэнд Ниссан болон Инфинити-гийн шинэ загваруудтай танилцах, туршлага судлах зорилгоор Моннис Моторс компаниас төлөөлөгчид оролцоод ирсэн билээ.