Монгол түмний үндэсний их баяр наадмын сүр жавхлант өдрүүдийн дараа Ниссан Тур аяллын багийнхан Завхан аймгийн зүг аяны жолоо заллаа.Моннис Моторс компаниас жил бүр зохион байгуулдаг энэхүү аялалд зөвхөн Ниссан брэндийн 4х4 харьцах автомашинууд оролцдогоороо онцлог юм. Ниссан Тур аялал нь Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах мөн Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг телевиз үзэгчдэд таниулах зорилготой билээ.
Энэ жилийн Ниссан тур аялал Завхан аймагт аялж байгаа бөгөөд Хангай говийн хослол Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Өндөр гэгээн Занабазарын Төвхөн хийд, анагаах увидастай байгалийн рашаан Цэнхэрийн халуун рашаан, Тайхар чулуу, Монголын сүүлчийн галт уул Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур, мөнх цаст сарьдаг Отгонтэнгэр хайрхан, тунгалаг урсгалт Завхан, Идэр, Чулуутын голууд, өвөрмөц тогтоцтой Хар нуур, Баян нуур, Өгий нуур зэрэг Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялна.
Уламжлалт ёсоор зохион байгуулагчдын зүгээс аялалд оролцож буй автомашинуудын шатахуун, автомашины засвар үйлчилгээ болон бусад зардлуудыг бүрэн хариуцаж байгаа юм.
Ниссан Тур аялал нь 2011 оны 7 дугаар сарын 15-наас эхэлж, 11 хоногийн турш бартаат замын аяллыг хийнэ.
Энэ жилээс эхлэн Монголын хамгийн анхны интернэт телевиз болох ТВ5 телевиз Ниссан Тур аяллын торгон агшин бүрийг сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэхээр боллоо. Мөн Ниссан Монголиа 4х4 автоклуб хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Ийнхүү Ниссан Тур 2011 аялал дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг таниулахад онцгой ач холбогдолтой аялал замдаа гарлаа.