Моннис Группын ажиллагсад цусаа хандивлаж сайн үйлсийн аянд нэгдлээ

Моннис Группын ажиллагсад цусаа хандивлаж сайн үйлсийн аянд нэгдлээ

Түгээх
“Моннис Моторс” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр Моннис Группын ажилчдын үүсгэн байгуулсан “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-тай хамтран сайн үйлсийн аяныг өрнүүллээ.


Энэ аяны хүрээнд Моннис группын ажиллагсдаа уриалан Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтарч “ЦУСАА ХАНДИВЛАЖ, БИЕ БИЕДЭЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” үйл ажиллагааг 2014.02.13-ны өдөр Ниссан төвд амжилттай зохион байгуулав.

Цусаа бэлэглэх үйл ажиллагаанд группын 200 гаруй ажиллагсад оролцсоноос 135 хүн сайн дураар цусаа бэлэглэхээр анкет бөглөж, 85 хүн цусаа бэлэглэв. Цусны төвийн хамт олны зүгээс 1 хүний бэлэглэсэн цус 3 хүний амийг авардаг ба Моннис группын ажиллагсдыг цусаа идэвхтэй бэлэглэж, нэг дор маш олон хүн цусаа хандивласан үйл явдал болсныг тэмдэглэж байв. Цусаа бэлэглэсэн донорууд дунд ховор, эрэлт ихтэй бүлгийн цустай хүмүүс болон олон дахин цусаа өгч байсан байнгын донорууд олон байлаа.

Цусаа бэлэглэх аян нь цаашдаа уламжлал болон зохион байгуулагдаж байх бөгөөд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд үлгэр дууриал болохын зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөөх арга хэмжээнд бусдыг уриалсан арга хэмжээ боллоо.
 
Сайн үйлсийн аяны хүрээнд тархины саа болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийн үүсгэн байгуулсан “Ээлтэй Ертөнц” ТББ-ын ээжүүдийн хайр, итгэлээ шингээн хийсэн Унагалдай, Батаар, Бамбарууш зэрэг чихмэл тоглоомыг худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж, гэртээ хүүхдээ асардаг ээжүүдээ дэмжлээ. “Моннис Моторс” ХХК нь “Ээлтэй Ертөнц” ТББ-тай цаашид хамтран ажиллаж, ээжүүдийн хийсэн чихмэл тоглоомыг худалдан авахаар болов.



Гэгээлэг маргаашийн төлөө хамтдаа…
Холбоо барих: 11-318284, 99088243