Франко Барези Монголд – Ерөнхий ивээн тэтгэгч Моннис Групп

Share articleМэдээлэл түгээх


Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжсэн “Милан өсвөрийн зуслан 2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Италийн АС Милан багийн домогт тоглогч Франко Барези-гээр ахлуулсан Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид өнөөдөр Моннис Моторс компанийн Ниссан төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Монголын бяцхан хөлбөмбөгчдийг ирээдүйд Азид төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулах тамирчид болгох зорилгоор шилдэг дасгалжуулагчид ирж бяцхан хүүхэд багачуудад хичээл заах явдал юм.

Эдгээрээс чадварлаг сайн тоглогчид нь Итали улсад Италийн өсвөрийн хөл бөмбөгчидтэй эн зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийх юм. Тус хөтөлбөрийн нээлтийг 5 дугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуульд хийсэн юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол талаас Моннис Групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Франко Барезигийн талаар товч танилцуулахад 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр Европын хөлбөмбөгт Италийн алдарт “Милан” баг ноёлж байсан ба хөлбөмбөгт хувьсал авчирсан гэгддэг Арриго Саккигийн энэхүү багийн арын шугамыг Барезигаар ахлуулсан Мальдини, Костакурта, Тассоти нарын хамгаалалтын домогт дөрвөл хариуцдаг байсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ.

Тэдний нэг болох Франко Барези 20 жил “Милан”-д үнэнчээр хүчин зүтгэсэн бөгөөд одоо ч төрөлх багтаа өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм байна.