Анх удаа орон даяар зохион байгуулагдах “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээний хамтран ажиллах түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Гадаад Хэргийн Яамны хурлын танхимд боллоо. Тус ажиллагаанд Засгийн газрыг төлөөлж Биеийн тамир спортын газар, албан ёсны хамтрагчид болох Скайтел, MCS Coca Cola, Моннис Групп оролцож, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Моннис Группын зүгээс хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааны цогц бодлогын хүрээнд энэхүү тэмцээнд ач холбогдол өгөн Nissan, Liebherr брэндээрээ ивээн тэтгэж, оролцож байна.Монгол орон даяар Ерөнхий боловсролын 750 сургуулиудаас гурван насны ангиллаар өрсөлдөн ирэх оны 4 дүгээр сард “Монгол мөрөөдлийн баг” тодрох юм.
“Сагсан бөмбөг бол багийн спорт. “Монгол мөрөөдлийн баг” тэмцээнд оролцогч бүхэн хожил, хожигдлоос үл хамааран эрүүл мэнд, эрч хүч, баяр баясал хожно. Бидэнд мөрөөдөл бий. Бид хамтдаа чадна” хэмээн уг тэмцээний санаачлагч Ерөнхий сайд С.Батболд багачуудад хандсан илтгэлдээ дурдсан байна.
Энэхүү спортын аяны нээлт 2011 оны 11 дүгээр сарын 12-нд Спортын шинэ ордонд зохион байгуулагдана.