Хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

Хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

ТүгээхShare

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Моннис Группээс Монгол хүний сайн сайхны төлөө, эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө олон арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Моннис Группын охин компани болох Моннис Пропертиес ХХК нь хичээлийн шинэ жилийг угтан хүүхэд багачуудын эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн бяцхан хүүхдүүдэд чанартай дулаан гудас, матрасуудыг хүлээлгэн өглөө.

Хүйтэн сэрүүний улирлаас урьтаж чанарын өндөр түвшинд хийгдсэн, дулаан, зөөлөн эдгээр орны матрасуудыг бэлэглэж байгаа нь тус төвийн хүүхэд багачуудын тав тухтай унтаж амрах, амьдрах нөхцлийг бүрмөсөн шийдвэрлэлээ. Орны гудасны асуудал хүндхэн түвшинд байсан эдгээр хүүхэд багачуудын амьдралын орчныг сайжруулсанд хүүхэд багачууд магнай тэнэгэр байна. Тус төв дээр матрас хүлээлгэж өгөхөөр автомашин ирмэгц хүүхдүүд бүгдээрээ өөр өөрсдийн матрасуудаа сонгон авч, аль хэдийн тус тусын орон дээрээ шалмаг гэгч нь байрлуулсан нь үнэхээр хүсэн хүлээж байсан асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн хэрэг боллоо. Тэд өмнө нь дан эсгий гудастай хэцүүхэн байсныг учирлаж байсан юм.

Тус төв нь нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхийн хараа хяналтаас хол хагас болон бүтэн өнчин 120 гаруй хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэн төлөвшүүлж, амьдрах арга ухаанд сургадаг юм байна.

Өмнө нь Хүүхдийг дэмжих санд жийп автомашин бэлэглэж, хүүхдийн сургууль, хүмүүжлийн байгууллагуудад үлгэрийн ном бэлэглэх, хүүхдийн тэмцээн уралдаануудыг ивээн тэтгэх, хүүхдийн хөл бөмбөгийн баг бэлтгэн амжилтанд хүргэсэн зэрэг багачууддаа хандсан олон нийгмийн ажлуудад санаачлага гарган идэвхийлэн оролцсон юм.

Энэ удаагийн матрас бэлэглэх ажлыг Моннис Группын үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Моннис Пропертиес компани санаачлан 6 сая төгрөгийн санхүүжилт бүхий үр бүтээлтэй ажил болгосон нь хичээлийн шинэ жилээ угтаж буй багачуудын хувьд баяр дээр нь баяр боллоо.

Түүнчлэн Моннис Группын тээвэр зуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг MCPL ХХК-иас тус төвийн хүүхэд багачуудад хичээлийн иж бүрэн хэрэгсэл, цүнх бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээг сургуулийн удирдлага болон багш нарын зүгээс сайшаан хүлээн авч, тус компанийнхны ажилд амжилт хүсээд, хүүхэд багачуудын төлөө хийж буй ариун цагаан үйлсээ цаашид улам дэлгэрүүлэхийг хүслээ.

Түүнчлэн Моннис Группын толгой компани болох Моннис Интернэшнлээс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан эх орны хойчийг бүтээх “Ирээдүйн Манлайлагч” шилдэг оюутанд сургалтын тэтгэлэг олгох уламжлалт шалгаруулалтаа зарлаад байна.

Моннис Групп