Моннис Интэрнэшнл “Discover Mongolia 2010” чуулга уулзалтыг 8 дахь жилдээ ивээн тэтгэлээ
Жил бүр зохион байгуулдаг “Discover Mongolia 2010” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын найм дахь удаагийн олон улсын чуулга уулзалт өнөөдөр өглөө “Хүүхдийн ордон”-д эхэллээ.“Discover Mongolia 2010” чуулга уулзалтын үеэр гадаад, дотоодын 1000-1200 хүн оролцож, нийт 90 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
9-р сарын 8, 9-ны өдрүүдэд зохион байгуулагдах уулзалт нь Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин буюу дэлхий нийтийн чиг хандлага, тойм сэдвээр эхлээд байна.
Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд өргөн сурталчилах зэрэг өргөн боломжийг олгож байгаагаараа “Discover Mongolia 2010” чухал ач холбогдолтой болж байна.
“Discover Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чаджээ.
Моннис Интернэшнл ХХК-ий хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, Монголын уул уурхайн салбарын хөгжлийг хурдасгахад ихээхэн анхаарал хандуулж, 8 дахь жилдээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ивээн тэтгэж, нягт хамтран ажиллахдаа баяртай байна.