Моннис Групп нь 2007 оноос эхлэн сурах хүсэл эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.4 дэх жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн Сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа Моннис группын төв оффис-Моннис цамхагт болсон бөгөөд энэ жил салбар бүрээс шилдэг 10 оюутныг хамруулж уламжлал ёсоор сургалтын төлбөрийг нь 100% хариуцаж байгаа юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг нь өдөөх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.
“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1-4-р курсын Улаанбаатар хот, орон нутгийн сургуулиудын нийт 82 оюутныг тэтгэлэгтээ хамруулан сургалтын төлбөрийг 100% төлжээ.
Ийнхүү Моннис Групп нь Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг мэргэжилтнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулдаг нь оюутан залуустаа сурах урам зоригийг төрүүлэхийн зэрэгцээ улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй байх.
Эрдэм мэдлэгийн охь, спорт урлагийн манлай, авъяас билгийн ундарга, алдар нэрийн эзэд болсон “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуустаа баяр хүргээд эрдмийн цагаан үйлс дэлгэрэх болтугай гэж ерөөе.
2010 оны “Ирээдүйн Манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд:
Зүүн гар талаас:
М.Ууганбаяр (ХААИС, Цахилгаан хангамж, 3-р курс)
Ц.Хонгорзул (Их засаг, Хууль, эрх зүйн анги, 3-р курс)
О.Хонгорзул (ХУИС, Байгаль хамгаалал, Экологийн менежмент, 3-р курс)
Л.Болор-Эрдэнэ (ШУТИС, Инженер геологи, 4-р курс)
Н.Хосжаргал (МУИС, Санхүү менежмент, 4-р курс)
О.Буянхишиг (ЭМШУИС, Нийгмийн эрүүл мэнд судлаач, 4-р курс)
М.Уранчимэг (ШУТИС, Техник, программ хангамж, 4-р курс)
М.Урангоо (Этүгэн дээд сургууль, Эмчилгээ, 4-р курс)
Б.Нарантогтох (ХААИС, Инженер механик, 2-р курс)
Б.Лхамноржмаа (МУБИС, Экологи, хими, 4-р курс)