ДШХолбооны Гран При–2010 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчийн гэрээнд үзэглэлээ

Share articleМэдээлэл түгээх


Дэлхийн Шатарын Холбооноос 2010 оны ДШХ-ны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон юм. 2009 оны 6-р сард үзэглэсэн албан ёсны гэрээний дагуу шатрын спортын төрлөөр манай оронд зохиогдох анхны дэлхийн чанартай, олон улсын нэр хүндтэй энэхүү томоохон тэмцээнийг 2010 оны 7-р сарын 29-нөөс 8-р сарын 12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион явуулах гэж байна.Тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 12 эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн ОУ-ын шатарын тэмцээний журам”-ын дагуу тоглох болно.

Тэмцээн нээлт, хаалтын арга хэмжээг оролцуулаад 15 хоног үргэлжлэн явагдана. Тэмцээнийг зохион байгуулагч орон нь хамгийн өндөр чансаатай эмэгтэй шатарчнаа оролцуулах эрхтэй бөгөөд ДШХ-ны их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тэмцээнийг зохион байгуулах талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохион байгуулагч тал томоохон үүргүүдийг хүлээж байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ 285 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс 217.0 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс, үлдэх хэсгийг МОННИС ИНТЕРНЭШНЛ ХХК “LIEBHERR” брэндээрээ, МҮОХорооны түнш “АЭРО МОНГОЛИА” зэрэг ивээн тэтгэгчдээс, мөн Монголын Шатарын Холбооноос санхүүжүүлэхээр болж байна.

Ерөнхий ивээн тэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 7-р сарын 22-ны өдөр Ниссан төвд болсон ба ёслолд БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр, Моннис Группын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Гантулга, МШХ-ы ерөнхийлөгч С.Энхцаг, ДШХ-ны их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын дасгалжуулагч Юрий Якович зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Моннис Интернэшнл ХХК-ий хувьд спортын аливаа арга хэмжээг дэмжиж ажилладаг бөгөөд 2008 онд Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “LIEBHERR” брэндээрээ ерөнхий ивээн тэтгэгчээр, жил бүр уламжлал болгон зохиогддог “Дуулиан 2020” зэрэг тэмцээнүүдийг ивээн тэтгэж оролцдог юм.

МОНГОЛЫН ШАТАРЫН ХОЛБОО – МОННИС ГРУПП