Ниссан Тур-2010 багийнхан замдаа гарлаа

Ниссан Тур-2010 багийнхан замдаа гарлаа

ТүгээхShare
Моннис Интернэшнл компаниас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Ниссан Тур аяллын 2010 оны багийнхан Ниссан төвийн гадаах талбайгаас аяллын замдаа гарлаа.Энэхүү аялалд зөвхөн Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах шалгуур болдог, нөгөө талаас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг бусдад таниулах зорилготойгоороо бусад төрлийн аяллуудаас онцлогтой.

Мөн урдын ёсоор зохион байгуулагчдын зүгээс аялалд оролцож буй 8 автомашин, 40 аялагчдын шатахуун, автомашины засвар үйлчилгээ болон бусад зардлуудыг бүрэн хариуцаж байгаа юм байна.

Ниссан Тур-2010 аялал нь 2010 оны 7 дугаар сарын 14-нөөс эхэлж, 10 хоногийн турш бартаат замын аяллыг хийх юм байна.

Аяллыг Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэдэг тул дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг таниулахад онцгой ач холбогдолтой аялал болдог билээ.

Энэ жил тэд дэлхийн тундрын өмнөд цэг, Монгол орны хоймор нутаг, мөнх цаст сүрлэг Саян, Тагна, Хорьдол Сарьдагийн нуруу, ян сарьдаг уулс, хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дархадын хотгор, Хуурчийн алтан шар тал, Улаан тайга, хөвч, Даян дээрхийн шүтээн, Уран дөш, Дэлгэрхаан оргил, Дэлхийн цэвэр усны ундарга, хөх цэнхэр сувд-Хөвсгөл-далай ээж, ардын дуунд мөнхөрсөн Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гол мөрөн, 300 гаруй гүн цэнхэр нуурууд, Булнай, Салбарын халуун, Уртраг, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаар Монголын Үндэсний Телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлэгтэй хамт Ниссаны хүчирхэг автохүлгүүдээр аялна.

Ниссан Тур-2010 аяллыг ARB, MOBIL брэндүүд дэмжиж байгаа ба бартаат замын аялалд дуртай хэн бүхний хамгийн ихээр сонирхдог адал явдалт, бартаат замын аялал болоод байгаа билээ.