“Хотын хэмнэл”-тэй үдэш шинэ загварын автомашинуудыг танилцууллаа
Монголчууд бид барууны өндөр хөгжилтэй орнуудын голдуу загвар нь хуучирсан, буруу талдаа жолооны хүрдтэй, 2 дахь хэрэглээний автомашинаар гангардаг байсан үе саяхан. Тэгвэл өнөө үед дэлхий нийттэй хөл нийлүүлэн хамгийн сүүлийн үеийн хийц дизайн, техник технологийн хөгжлийг шингээсэн шинэлэг автомашинуудыг авч унах боломжтой болжээ.Үүний нэг жишээ бол 2009 онд нээлтээ хийж, олны өмнө танилцуулагдсан гоёмсог 370Z спорт загвар, дунд ангиллын спорт жипний загварыг тодорхойлогч гэгддэг MURANO автомашинууд Монголд ороод ирчихсэн Моннис компанийнхан олны өмнө ёслол хүндэтгэлтэйгээр танилцууллаа.
Зохион байгуулагчид нь энэ удаагийн автомашин танилцуулах ёслолын ажиллагааг загвар дизайны оргил болсон 2 автомашинтайгаа уялдуулан “Хотын хэмнэл” гэж нэрлэсэн нь ч учиртай. Нийслэл хотын 370 жилийн ой тохиож буй энэ онд 370Z автомашиныг танилцуулж байгаа нь аргагүй л их хотын хүмүүнд зориулсан болохыг харуулж байгаа мэт.
Арга хэмжээнд зориулсан дотоод засал, зохиомж, хөтөлбөр зэрэг нь бүхэлдээ дээд түвшинд хийгдсэн болох нь хүрэлцэн ирсэн олны танил зочдын сэтгэгдлээс харагдаж байсан юм.
Дээрх 2 загварын талаарх товчхон мэдээллийг хүргэхэд Ниссан Мотор компанийн шилдэг спорт загваруудын нэг Z цувралын 40 жилийн ойгоор мэндэлсэн шинэхэн 370Z загвар нь гадаад, дотоод загвар, хурд, хүч, аюулгүй байдал талаасаа төгс болсон тухай дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж байгаа бөгөөд Хүн/Машины нэгдэл гэсэн нэрийг автомашин судлаачдаас авчээ. Энэ нь түүний жолоодож буй хүнийхээ зүрх сэтгэлийг дагах мэт уран жолоодлого, аюулгүй байдлыг хангасан үзүүлэлтүүдтэй холбоотой гэнэ.
Италийн нэгэн үзэсгэлэнт шүрэн арлын нэрээр нэрлэгдсэн MURANO автомашины хувьд 2002 оны анхны загвар нь Монголд орж ирсэн даруйдаа гоёмсог чамин загвараараа олны нүдийг унагаж байсан. Энэ онд 2 дахь үеийн MURANO нь мөн л цаг үеийнхээ спорт ангиллын жипний загварыг тодорхойлон гарч ирсэн байна.