Моннис Групп шилдэг 10 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
Тус компани нь 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин төрүүлэхээр “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.Гурав дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн Сургалтын тэтгэлэг олгох ажиллагааг 23-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ жил салбар бүрээс шилдэг 10 оюутныг хамруулж сургалтын төлбөрийг нь 100% хариуцаж байгаа юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.
“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог юм байна.
Өнгөрсөн хугацаанд 1-4-р курсын хот хөдөөгийн сургуулиудын нийт 72 оюутныг шалгаруулж тэтгэлэгт хамруулан 100%-ийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцсан байна.
Ийнхүү Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж байдаг нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн зүгээс улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон тус нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй байх.
Ингээд эрдэм мэдлэг, сурлага хөдөлмөрөөрөө шилдэг нь байж “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуустаа баяр хүргээд эрдмийн цагаан үйлс дэлгэрэх болтугай гэж ерөөе.