Монголын хүүхдүүдэд Ниссан автомашин бэлэглэлээ
Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан өнөөдрөөс эхлэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулах боллоо.Тэдний зорилго болоод хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь бүхэлдээ Монголын ирээдүйг авч явах бяцхан иргэдийг дэмжиж туслах, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах явдал учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлагч Монголын ТОП-100 компаний нэг Моннис Интернэшнл компани Ниссан Паладин жийп ангиллын автомашиныг бэлэглэлээ.
Тус төвийн үйл ажиллагаанд бартаат замын нөхцөлд хөдөө гадаа яаралтай хүрч ажиллах үе цөөнгүй гардаг учраас дээрх автомашин нь бартаат замд зориулагдсаны зэрэгцээ ашиглалт сайтай, шатахуун зарцуулалт маш бага юм байна.
Тус сангийн хамгийн эхэнд хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотын Бадамлянхуа Хүүхдийн Төвийг сонгон тэнд хүмүүжиж буй хүүхдүүдийг шинэ байртай болгох явдал юм. Тэдний үйлсийг дэмжихэд Ниссан автомашин тун цаг үеэ олсон том бэлэг боллоо гэдгийг тус сангийнхан талархалтайгаар мэдэгдэж байлаа.