Кошкай Fashion Show амжилттай болж өнгөрлөө

Share articleМэдээлэл түгээх


Монголын зах зээлд шинэ загварын автомашин нэвтрүүлэх бүртээ харилцагч, үйлчлүүлэгчиддээ бэлэг барин албан ёсоор танилцуулдаг Моннисынхон энэ удаад Ниссан “Кошкай” хэмээх өвөрмөц нэртэй, дэгжин загвартай нэгэн автомашиныг танилцууллаа.Энэ удаагийн арга хэмжээ ихэд өвөрмөц буюу автомашиныг хувцас загварын ертөнцтэй холбосон нь уригдсан зочдын сонирхлыг ихэд татаж байлаа. Дээрх автомашиныг урлаг, соёл, спорт, ажил хэрэг болон гэр бүлээрээ салхинд гарах зэрэг бүхий л нөхцөлд унаж болохыг их өвөрмөц бөгөөд олонд ойлгогдохуйцаар танилцуулж байлаа. Мөн энэхүү автомашин нь бүх насны, бүх салбарын хүмүүст тохирсон болох нь түүний содон, тод өнгөний сонголтуудаас харагдаж байсан юм.

Танилцуулсан анхны автомашины өнгө нь мөнгөлөг саарал байсан ба гэр бүлийн залуухан хосууд салхинд гарч буй байдлаар харуулж байлаа. Харин их хотын гудамжаар сүлжилдэн давхиж дэлгүүр хэсч буй охид улаан хүрэн өнгөтэй хосолж байсан бол урлагийн хүнийг дуучин Солонго төлөөлж час улаан автомашинтай хосолж байлаа.

Ажил хэрэгч залуусын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа байдаг ба хотын түгжрэлд маневарлах чадвараараа хамгийн тохиромжтойг хар хүрэн өнгийн Кошкай машинаар илэрхийлэн харуулж байлаа. Мөн спорт өнгө болох цагаан өнгийн автомашинаас орчин үеийн спорт стилээр хувцасласан охидууд гарч ирсэн нь ихэд чамин харагдаж байсан бол үдэшлэгт явж буй охид залуус мөнгөлөг Кошкай автомашинаас гарч ирсэн нь залуу насны гайхалтай илэрхийлэл болон харагдаж байлаа.

Тус арга хэмжээнд бизнес, урлаг, соёл, загварын ертөнцийн олны танил алдартнууд цугласан байсан ба автомашин болон хувцас загварыг хослуулсан шоу нь маш сонирхолтой санагдаж байгааг өгүүлж байлаа.

Арга хэмжээнд Монгол модель болон Эра агентлаг, брэнд хувцасны Талст fashion shop хамтран оролцсон юм.

Мөн тус компанийхан Кошкай автомашины Монголын зах зээл дэх эхний 5 худалдан авагчаа урамшуулан Талст дэлгүүрээс 500.000 төгрөгийн хувцас сонгох эрх бэлэглэж байлаа.

Кошкай автомашины тухайд анхны загвар нь 2007 оны эхээр европын зах зээлд гарсан ба зарагдаж эхлээд жилийн дотор 200.000 ширхэг зарагдаж байсан юм байна.

Ийнхүү эрэлтэд тулгуурлан 2008 оны эхээр Японд Dualis нэртэйгээр үйлдвэрлэж эхэлсэн нь Японд төдийгүй азийн орнуудад хамгийн өндөр борлуулалттай автомашины нэг болж чадсан байна.

Дээрх орнуудад худалдан авагчдынх нь сонгох болсон шалтгаан нь өвөрмөц хийц дизайн, жолоодоход маш эвтэйхэн, аюулгүй, найдвартай байдал нь тэдэнд бусдаас илүүтэйгээр таалагджээ.

Харин энэхүү бүрэн шинэчлэгдсэн 2010 оны Кошкай автомашины хувьд урдынхаасаа илүүтэйгээр дизайлаг, спортлог шинжтэй болсон ба хамгийн сүүлийн үеийн Xtronic CVT хурдны хайрцаг нь шатахуунд хамгийн хэмнэлттэйн зэрэгцээ, хоромхон хугацаанд хүчээ авч, хамгийн тохиромжтой хэмжээгээр хийгдсэн эх бие нь автомашины маневарыг сайжруулж их хотын түгжрээнд таныг саатуулахгүй юм байна.

Ази, европын зах зээлд эд хүчээ авч байгаа Nissan Кошкай автомашин нь манай орны нөхцөлд хамгийн тохирсон хэлбэр, загвар, үзүүлэлттэй учраас Улаанбаатарын гудамжаар өнгө өнгийн Кошкай сүлжилдэн давхих цаг ойрхон байна.