Лиебхэрр брэндийн R 994E экскаватор 100 000 мото цагт хүрч, рекорд тогтоолоо

Лиебхэрр брэндийн R 994E экскаватор 100 000 мото цагт хүрч, рекорд тогтоолоо

Түгээх

Моннис Интернэшнл ХХК-ийн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т нийлүүлсэн Лиебхэрр брэндийн R 994E экскаватор 100 000 мото цагийг туулж, Монгол улсад ажиллаж буй ижил төрлийн техникүүд дунд дээд амжилт тогтоолоо.

2005 оны 12 дугаар сард буюу одоогоос 16 жилийн өмнө  Лиебхэрр R 994E экскаватор нь Монгол улсад хамгийн анхны 302 тонн ажлын жинтэй, хамгийн том экскаватороор бүртгэгдэж, уул уурхайн салбарын инженер, механикч болон операторуудад хурд хүч, ажлын бүтээлийн үзүүлэлтээрээ гайхагдан ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш томоохон эвдрэл гэмтлээс үүдэлтэй их засвар хийлгэлгүйгээр тасралтгүй ажиллаж, 100 000 мото цаг туулсан нь Монгол улс дахь анхны тохиолдол болсон төдийгүй дэлхийн хэмжээнд байнга давтагддаггүй ховорхон амжилтанд хүрч,  үүгээрээ Лиебхэрр брэндийн техникүүд чанартай, найдвартай ажиллагааг батлан харууллаа.

Ижил төрлийн техникүүд дунджаар 60-80 мянган мото цаг ажиллаж, ашиглалтын хугацаагаа дуусгадаг бол R 994E экскаватор нь яг өнөөдрийн байдлаар хэдийнээ 100 000 мото цагийг туулсан байна. “Цаашид урсгал засваруудаа тогтмол хийснээр даруй арван жил ажиллах нөөц бий” гэдгийг уг техникийг эзэмшиж буй Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг Уулын ажлын хэсгийн дарга Л.Баярбат онцолсон.

Өнгөрсөн хугацаанд нийт 45 500 000 куб метр уулын цул ачсан нь мөн л томоохон амжилт бөгөөд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэмжээгээ нэмж, төлөвлөгөөт даалгавруудаа 100 хувь биелүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн байна.

Энэхүү ховор амжилтанд хүрсэн нь уур уурхай, зам барилгын техникийн үйлвэрлэлээр тэргүүлэгч Германы алдарт Лиебхэрр брэндийн техникийн чанар чансаанаас гадна Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн баг хамт олны ур чадвар, хүчин чармайлтын үр дүн бий гэдгийг дурьдах нь зүйтэй.

Түүхэн амжилтын “эзэн” болсон R 994E загварын экскаватор нь 18 метр кубын шанага, 1,120кВт/1,500м.х ­хөдөлгүүрийн хүчтэй бөгөөд ижил төрлийн техникүүдтэй харьцуулахад явах эд анги хоёр дахин хурдан учраас ажлын бүтээлийг дээд түвшинд хүргэж чаддаг. Түүнчлэн хамгийн хэцүү нөхцөлт уулын талбай, цаг уурын эрс тэс уур амьсгалд (-50, +45 хэм) зориулагдан бүтээгдсэн учраас Монгол орны цаг уурын онцлогийг ажиралгүй ажилласаар буй нь энэ юм.

302 тонн жинтэй энэхүү аварга техникийг Моннис Групп анх Монгол Улсад оруулж ирж, ажиллах эхлэлийг тавьж байсан. Тухайн үед овор хэмжээ, эд ангиуд нь цөм шинэлэг, урьд өмнө нь угсарч байгаагүй техник байсан төдийгүй угсралтын ажилд ашиглах кран бэлэн байгаагүй зэргээр олон бэрхшээлтэй нүүр тулж, бүрэн угсарч дуусгахад бүтэн хоёр сар зарцуулагдсан. Харин өдгөө 16 жилийн дараа уул уурхай, зам барилгын техникүүдийг цогцоор нь нийлүүлж, угсралт, засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд, найдвартай гүйцэтгэж байна.

Моннис Группын Моннис Сервис Саппорт ХХК нь угсралт, оношлогоо, засвар болон сэлбэг нийлүүлэлтийн ажлыг дангаараа хариуцан ажилладаг бөгөөд үйлчилгээний цар хүрээ, инженерүүдийн ур чадвар, засварын төвийн хүчин чадал зэрэг нь цөм дэлхийн стандартад нийцсэнийг батлах гэрчилгээнүүдийг эзэмшдэг. Цухас дурьдвал, тус компанийн 17 инженер Германы Лиебхэрр Группээс олгодог “Сертификат-3” мэргэжлийн зэрэгт хүрсэн ба энэ нь дэлхийн аль ч улсад очиж, уул уурхай, зам барилгын ямар ч техникийг оношлон засварлах өндөр ур чадвар, эрхтэй гэдгийн нотолгоо юм.

Моннис Сервис Саппорт ХХК-ийн үйл ажиллагааны давуу тал нь аливаа техникт эвдрэл гэмтэл үүсэхээс нь өмнө нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж засвар үйлчилгээ хийх юм. Ингэснээр машин түүний эд анги, сэлбэгийн насжилтыг уртасгаж, тэр хэрээр техник бүхэлдээ амжилттай, ажлын өндөр бүтээмжтэй, урт хугацаанд ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.

Ийнхүү уул уурхайн олборлолтын хамгийн чухал хүчин зүйлсийн нэгд зүй ёсоор тооцогддог уул уурхайн техник, тэр дундаа Лгебхэрр брэндийн экскаватор ажилласан хугацаа, үйл ажиллагааны хүчин чадлаараа дээд амжилт тогтоосныг Германы Лиебхэрр Группээс онцолж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т батламж илгээснийг Моннис Группын төлөөлөл гардууллаа.

Нийт харилцан яриа