1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

NISSAN PATROL – МӨНХ ҮРГЭЛЖЛЭХ ХААН ЗАЯА

Ниссан Патролын 60 жилийн ойд зориулав.

Хүн төрөлхтөн эрхэмлэн дээдэлдэг зүйлсээ ер бусын, сонин байдлаар биширч, яаж бодож олсон юм бол гэмээр аргаар дараагийн үедээ шилжүүлэн өвлүүлж, түүний сүслүүлэн бишрүүлэх хүч чадлыг алдуулахгүй хадгалан ирсэн байдаг.

Жишээ нь Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн Далай ламыг өөрийн махан биеийг алдавч сүнслэг чанараа үл алддаг бөгөөд түүний хойд дүрийг нь тодруулснаар Далай багш дахин хүн дүрийг олдог гэж итгэл бишрэлээ алдахгүй байх боломжийг хэн нь бүү мэд нэгэн бий болгосон байдаг.
Хэт хувь хүний сүсэг бишрэл, амьдралыг үзэх үзэлтэй холбоотой асуудал руу орж байгаа мэт Танд санагдаж болох юм. Энэ талаар бичих болсон шалтгаан нь өгүүлэх гэж буй машин минь мөн л анх дэлхийд бий болсон цагаасаа л сүнслэг чанараа үл алдан түүнийгээ өөрийн бүх дүр төрх, загваруудад уламжлуулан баяжуулж, хүний ам дамжин яригдаж, соёл иргэншил бүрт өөрийн тод ул мөрийг үлдээн өөрийгөө “мөрөөдөлд” мөнхөлж, нэг удаа хэрэглэж үзсэн хүний амьдралд гайхамшигтай баян түүх бас туршлагыг үлдээж чаддаг өвөрмөц арга барил, онцлог чанартай учраас тэр юм.
Эдгээр онцлогоороо ч олон газар “хаан” хэмээн нэрлэгдэх болсон байж болох юм. Харин энэ хоч нь анхнаасаа үйлдвэрлэгчийнх нь маркетингийн бодлогод бий болсон хоногшуулалтын арга байсан гэвэл би хувьдаа эргэлзэнэ.
Мэдээж аав гэж хэн хүнийг дуудаад байдаггүйн адилаар хаан хэмээх хочыг хүссэн толгой болгонд өгдөггүй нь гайхамшигтайг дурдах зуур энэ ямар машин бэ гэж бодож буй Таны төсөөлөлд нэг их олон машин эргэлдэж төөрөгдүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Nissan Patrol-ын талаар ярьж буйг уншигч Та төвөггүйхэн бодож олсон учир дотроо энэхүү гайхамшигтай машины дүр төрхийг өөрийнхөөрөө, Таны сэтгэлд хэрхэн хоногшсоноор нь зурж, цааш бичих зүйлсийн минь чанарт хүрэхэд хэцүү том шалгуур тавьсан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэхдээ миний хувьд энэ машин үнэхээр гайхамшигтай түүх өгүүлж, автомашиныг үзэх үзлийн минь томоохон хэсгийг зурсанд дулдуйдан түүний талаар бишрэгч, хэрэглэгч, шүүмжлэгчийн нүдээр харж бичихийг хичээн хүргэж буйг минь хүлээн авна уу.
Хоёр зууныг дамжин амьдарч байгаа Та бид өнгөрсөн XX зууны талаар санахад Дэлхийн хоёр том дайн, хүйтэн дайны үе гэж нэрлэгдэх хүнд цагууд, үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөн зэрэг таагүй бодлууд толгойд орж байдаг талаар нь түүнийг хатуу чанд байдалд хүн төрөлхтнийг сургаж, хүнд хэцүүг даван туулах чадварт хөтөлсөн зуун байсан гэж бага зэрэг өнгөц дүгнэвэл уншигч Та бяцхан жуумалзах ч үгүй шүү гэж эрс эсэргүүцэхгүй байх.
Зуунжингаа аймшигтай хэцүү бэрх байгаагүй ч хүчир үед нь түүнийг даван туулах төрөлх инстинкт, бэрхийг арилгах эрмэлзэл нь хүний гараар гайхамшгийг бүтээлгэж байсны нэг нь Nissan Patrol юм.

Nissan Patrol хааны I дэх дүр 4W60 модель:

Хамгийн хүнд нөхцөлд хөл дүүжлэх хүсэл, дайн байлдааны ажиллагааг хялбарчлах зорилго хоёр нэгдсэнээр Nissan анхныхаа Patrol-ыг 1951 онд 4W60 моделийн дугаартайгаар үйлдвэрлэсэн нь Military Vehicle буюу “цэргийн зориулалттай машин” гэсэн маш том тодотголтой байсан юм.



Гэхдээ энэ загварыг цэргийн зориулалтаас гадна гал унтраах машин, ачааны зориулалттай pick-up хэлбэртэйгээр үйлдэрлэж байв. Хаадыг Наймдугаар Богд, Георг VI зэргээр дууддаг тодорхой ёс бий болсныг дагавал 4W60 бол Patrol I хаан билээ.
Түүний гадна төрх нь тэр үеийн Америкийн Нэгдсэн Улсын цэргийн жийп болох “Willys Jeep”-тэй тун адилхан байсан бөгөөд энэ төрх тухайн үеийн цэргийн зориулалттай машины имидж байсан гэдгийг манай хойд хөршийн нас ойролцоо ГАЗ-64-ийн загвараас харж болох юм.
4W60 Nissan 290 хэмээх автобусанд тавигддаг байсантай адил 75 морины хүч гаргах чадалтай 3700 сентиметр куб багтаамжтай хөдөлгүүртэй байсан нь орос ах нарын маань үйлдвэрлэдэг УАЗ-469-ийн одоогийн хөдөлгүүрийн хүчтэй адил байгаа нь Япон чанарыг харуулах байх. Гэхдээ самуурайнууд сэтгэл ханаагүй юм.
Үйлдвэрлэлд байх хугацаанд нь 4W60 загварт хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийжээ. Ийнхүү түүнийг сайжруулах болгондоо түүний моделийн нэршлийг өөрчилж, 1955 оноос үйлдвэрлэж эхэлсэн салхины шилийг нэг цул болгож сайжруулсан, урд талдаа болон салхины шилний зарим хэсэгт никель оруулгуудтайгаас гадна хамгийн гол сайжруулалт нь өмнөх 75 морины хүчтэй хөдөлгүүрийг 105 морины хүчтэй 4000 сентиметр куб багтаамжтай хөдөлгүүртэй болгосон загвараа 4W61 гэж нэрлэсэн бол 1958 онд шинэчлэн гаргасан 4W65 загвар нь урд талын радиаторын сетка нь бүхэлдээ никель болсон, мөн урд талдаа Nissan гэсэн эмблемтэйгээс гадна капотныхаа хажуу талд “PATROL” гэсэн бичигтэй болсон зэргээрээ ялгарч байсан юм.
Хэрэв хэрэглэгч хүсвэл түүнд найман хүний суудалтай WG4W65 моделийг санал болгох боломжтой байснаас гадна үйлдвэрлэлд байх хугацаанд нь 4W60 загваруудын хөдөлгүүрийн хүчийг 125 морины хүчинд хүргэсэн нь орчин үеийн зарим нэг бага оврын SUV-нүүдийн атаархлыг төрүүлмээр гэж хэлж болно.

Nissan Patrol хааны II дахь дүр 60 модель:

Түүний талаар хэлэх хамгийн гол зүйл бол тэр өмнөх хаанаасаа илүү ард түмэндээ ээлтэй нэгэн байсан. Мэдээж өмнөх хаан Догшин Иван шиг харгис нэгэн байгаагүй ч хатуу, хөтүү зүйлийг эзэндээ мэдрүүлдэг нэгэн байснаас нь Patrol II хаан арай өөр байсан гэж хэлж болно. Бас түүний талаар хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол түүнийг 1960-аас 1980 оны хооронд хорин жилийн турш үйлдвэрлэсэн юм. Миний мэдэх хамгийн урт хугацаанд нэг л загвараараа үйлдвэрлэгдэж байгаа SUV бол 1979 оноос өнөөг хүртэл 32 жилийн турш үйлдвэрлэгдэж байгаа Mercedes Benz G class.


Харин түүний дараа 1960 оноос 1984 он хүртэл үйлвэрлэгдсэн Toyota Land Cruiser 40 загвар байдаг. Харин тэдгээр загварын дараа орох хамгийн удаан хугацаанд үйлдвэрлэгдсэн загвар бол яах аргагүй Nissan Patrol 60 модель болж таарах нь. Энэ утгаараа тэрээр тухайн үеийн техник технологийн хөгжлийн түвшинд төгс гэж хэлж болохоор байсан. Төгс болсон, гайхамшигтай найдвартай байдлыг нь нотлох зүйлээс дурдвал Patrol II Австралийн Симпсоны цөлийг хөндлөн туулсанаараа ногоон тивийн анхаарлыг өөр дээрээ татаж байжээ. Тухайн үед энэ бол жинхэнэ домог болж чадсан бөгөөд 125 морины хүчтэй 4000 сентиметр куб багтаамжтай цуваа хэлбэрийн 6 цилиндртэй хөдөлгүүр, 3 эсхүл 4 шаталбартаас сонголт хийх боломжтой механик хурдны хайрцаг, салгах боломжтой дөрвөн дугуйгаар хөтлөгч зэрэг нь түүний хаанчлалд баталгаа гаргаж өгч байсан юм. Түүнийг удаан хугацаанд үйлдвэрлэсэн болоод ч тэрүү бүх хувилбараар үйлдвэрлэж туршсан байдаг. Богино зөөлөн дээвэртэй, богино хатуу дээвэртэй, урт хатуу дээвэртэй, pick-up, онцгой урт, галын машин гээд түүнийг туршиж үзээгүй SUV-ний хувилбар бараг үгүй ажээ.

160 загвар:

Манай зах зээлд 160 загварыг Patrol I гэцгээдэг. Энэ нь манай зах зээлд орж ирсэн хамгийн анхны Nissan Patrol болохоор тэр биз. Харин хэрэг дээрээ тэр гурав дахь нь билээ. Patrol III-ын талаар ярихад миний нүднээс бараг л нулимс гарах байх.



Учир нь хүүхэд насны минь сайхан дурсамжууд энэхүү машинтай холбогдож капитализмын сүүдрийг анхлан мэдэрч, түүний нүдэнд дулаахан дүр төрх зүрхэнд хоногшиж, эгц босоо ч гайхалтай цэлгэр цонхоор нь олон зүйлийг тольдож байсан минь сэтгэлд шингэн 16 нас хүрсэн жилийнхээ хүүхдийн баяраар ааваасаа гуйн байж тэрхүү машины жолооны ард анх сууж, машин жолоодохыг сурч байсан гээд энэ загвартай холбоотой зүйл надад дэндүү гэмээр олон байдаг. Бага насныхаа дурсамжаасаа болоод ч тэр үү 1983 онд үйлдвэрлэгдсэн 160 загвар дээр суурилсан Ebro Patrol -ийг 2000 онд алс хол Испани Улсаас оруулж ирсэн минь Монгол Улсад байгаа цорын ганц Ebro ч байж магадгүй. 160 бол Patrol-ын хамгийн сүүлийн нумтай загвар бөгөөд дараагийн загвартаа өвлүүлсэн эх биеийн рам, урд хойд хатуу тэнхлэг, тэнцвэр сайтай, тогтвортой зэрэг чанар энэ загварт бүрэн утгаараа цогцолсон байдаг. Хэдийгээр нумтайгаасаа болоод бага зэрэг хатуу явдалтай ч 1980-аад оны загвар гэхэд жолоодоход тун эвтэйхэн. Мэдээж орчин үеийн машин шиг туслах электрон программууд түүнд байхгүй ч заримдаа хүний хөдөлмөрийг амарчлахад чиглэсэн орчин үеийн технологиуд биднийг улам сулбагар болгож байгаа мэт санагдах үед түүнийг жолоодож, хүн гэдгээ мэдрэх ч эр хүний бас л нэг жаргал шиг санагдана. Хэдийгээр түүнийг үйдвэрээс ямар нэгэн дифференциал цоожлогчгүйгээр гаргасан ч хүндрүүлэгчтэй үедээ туулах чадвар өнөөдөр үйлдвэрлэлд байгаа олон машинд байхгүй сайн гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнд 2800 болон 4000 сентиметр багтаамжтай цуваа хэлбэрийн 6 цилиндртэй хоёр төрлийн бензин хөдөлгүүр, мөн 3300 сентиметр багтаамжтай турботой болон турбогүй сонгох боломжтой дизель хөдөлгүүртэй байв. Patrol-ын түүхэнд байгаагүй нэг зүйл түүнд анх тавигдсан нь тэрээр хамгийн анхны автомат хурдны хайрцагтай нь байсан юм. Гэхдээ мэдээж хатуу хөтүүд зориулагдсан түүнд 4 эсхүл 5 шаталбарт механик хурдны хайрцаг суурьлуулах боломжтой байх нь тодорхой.

 

Y60 загвар:

Монголд Nissan Patrol-ыг Y60-аар ойлгодог гээд хэлчихвэл бага л буруудсан болох байх. Гэхдээ энэ нь ч шалтгаантай л даа. Манай улсад ардчиллын салхи салхилж, бид гадаад оронд чөлөөтэй зорчиж, хувийн өмчтэй болох боломжтой болсон цаг мөчтэй нэгэн үед буюу 1987-1997 онд үлдвэрлэгдэж байснаараа, мөн гайхамшигтай сайн машин байж Монгол хүний итгэлт сайн нөхрөө бүхнээс дээгүүр тавьж, түүнээс илүү хүнгүй гэж итгэдэгтэй адилаар ард түмний сэтгэлд тун гүн шингэснээрээ Patrol гэдэг загварыг төлөөлж ойлгогддогийн шалтгаан нь болсон байх.



Y60 өмнөх загвараасаа өөр байсан. Өмнөх загваруудын хатуу явдалтай байсныг зөөллөхийн тулд урд, хойд тэнхлэгийн нумыг пүршээр сольсон нь мэдэгдэхүйц өөрчлөлт болсон ба энэ загварт тавьдаг байсан хөдөлгүүрүүд маш сайн байсан юм. RD28, TB42, TD42 зэрэг хөдөлгүүрүүдийг сонсоогүй Япон машины сэлбэг зардаг Монгол хүн байхгүй ээ. Учир нь эдгээр хөдөлгүүрүүд тухайн үед манайд хэрэглэгдэж байсан хамгийн элбэг, хамгийн чулуу шиг хөдөлгүүрүүд байсан бөгөөд эдгээр хөдөлгүүрт таардаг тосны шүүр, агаар шүүгч зэрэг сэлбэгүүдийг оруулж ирдэг хүн баяжих нь бараг л баталгаатай байсан байх. Y60 загварт техник, технологийн дэвшлүүдийг суурилуулж байсны жишээ нь тэрээр анхны цахилгаанаар тохируулах боломжтой гадна толь, хажуугийн цонхнуудтай нь байсан. Мөн европын зах зээлд гаргадаг зарим загварт эх гэрлийн арчигч, суудал халаагч зэргийг захиалгаар тавьж болохоор байжээ. Энэ загвар манайд, эсхүл европт л зөвхөн амжилт олсон юм биш ээ. Манай хойд хөрш ОХУ-ын хүйтэн ширүүн өвөл, хур тундасын хэмжээ ихтэй газарт TD42 хөдөлгүүр нь хамгийн сайн дизель хөдөлгүүр гэгдэж байсан ба ихэнх Patrol-уудыг шинэ оросуудын хамгаалалтын машинд ашигладаг байсан нь “эргүүл” хэмээх нэртэй, мөн түүний найдвартай байдалтай салшгүй холбоотой биз. Дэлхийн II дайнд хамгийн олон орос цэрэг амь насаа алдсан нь эх орныхоо төлөө үхэхээс буцахгүй эх оронч орос хүний мөс чанарыг харуулсан гэвэл хамгийн олон Nissan Patrol Aфрик тивд Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаа, Олон улсын улаан загалмайн хорооны болон бусад олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн үйл хэрэгт өөрийн хүчийг бахархалтайгаар өгч, үүргээ давуулан биелүүлэн амь тасардгаараа хамгийн хүмүүнлэг, хамгийн баталгаатай, найдвартай машин болохоо харуулдаг гэж тэмдэглэх нь зүйтэй байх. Patrol-ын талаар тэр дундаа Y60-ын түүх хамгийн ихээр холбоотой газар бол ойрхи дорнод, арабын улсууд юм. Нэгэн араб хүн надад “Хэрэв чи арабын аль нэгэн улсад очоод чинээлэг айлд зочлон, тэдний хашаанд Ferrari, эсхүл Mercedes-ийн ямар нэг загвар байхыг харвал тэднийд Nissan Patrol байх нь гарцаагүй” гэж хэлж байсан юм. Түүний хэлсэн үг энэ бүс нутагт Patrol-ыг юу гэж үнэлдгийг тодорхойлоод өгөх шиг болсон. Арабуудыг би машиныг их сонирхолтойгоор эдэлдэг хүмүүс гэж боддог. Монгол эр хүний чимэг эмээлт сайн хүлэг хэмээдэг нүүдэлчин соёл, уламжлалаасаа шалтгаалан бид одоо хэр нь машин унаанд өгөх ач холбогдол өндөр байдаг маань араб хүнийхтэй яагаад ч юм дүйгээд байх шиг санагддаг. Харин далайд гарцтай, хар алтны арвин нөөцтэй зэргээсээ шалтгаалан араб эрчүүд аливаа машиныг хямд авч, тэрхүү хямд машинаараа олон зүйлийг туршиж, дэлхийд онцгойрох спортын төрлийг бий болгосон нь элсэн манхан өөд мацах тэмцээн юм. Арабд болдог ийм төрлийн тэмцээнд оролцож буй машинуудын дийлэнх нь Y60 байдаг ба тэдгээрийн тусгайлан тоноглосон TB48 хөдөлгүүрүүд нь 2000 хүртэл морины хүч гаргаж чаддаг гэхээр ам ангайлгам. Автомашин үйлдвэрлэлийн гайхамшиг Bugatti Veyron ердөө 1001 морины хүчтэй шүү дээ. Арабууд Patrol-ыг “Цөлийн хаан” гэдэг. Энэ нь тохиолдлоор нэрлэсэн нэр биш юм. Арабын ертөнцийн автомашин сонирхогчдын нэг (түүнийг сонирхогч гэж хэлснийг зарим нэг нь мэдвэл шоолох байх) долоо хоногийн өдөр бүр өөр, өөр машин унах зорилгоор долоон өөр өнгийн Mercedes Benz захиалж байснаараа “Солонгон Шэйх” хэмээн алдаршсан Арабын Нэгдсэн Эмиратын тэрбумтан Shiekh Hamad Bin Hamdan Al Nahyan гэдэг эрхэм Y60-ыг дурсахдаа “Миний Nissan Patrol-д итгэдэг шалтгаан нь би өөрийн хяналтанд байдаг газруудад зорчиход энэ машин хэзээ ч эвдрэх, эсвэл ямар нэг байдлаар бусдын туслалцаа хэрэг болох байдалд намайг оруулж байгаагүйнх юм. Бид цөлөөр аялах, ан гөрөөнд явах зэрэгт Patrol үргэлж дэргэд байдаг” гэжээ. Хэн нэгний гарыг харахгүйгээр хамгийн хүнд, хэцүү нөхцөлд зорчих боломжтой. Үүнээс илүү SUV-ээс хүсэх зүйл надад лав байхгүй. Танд байна уу? Мэдээж туулах чадвар сайтай “Бартаат замын хаанаас” нэмж хүсч болох нэг зүйл бол тав тух, тансаг байдал л байх. Тэгвэл энэ шаардлагыг түүний дараагийн загвар болох Y61 Танд өгч чадна.

 

Y61 загвар:

Урд хойд хатуу тэнхлэг, өмнөх загвараас өвлөсөн боловч сайжруулан бэхэлсэн рам, урд тэнхлэгийг гараараа салгах боломжтой захын дамжуулагч, механик эсвэл автомат хурдны хайрцагнаас сонголт хийх боломжтой гээд Y60-ын бүх үзүүлэлтүүд түүнд хэвээрээ бий.


Гэхдээ илүү сайжирсан гадна төрх, өмнөхөөсөө өндөр, өргөн, урт болсон эх бие, явдал зөөлрүүлэх зорилгоор хийгдсэн нэмэлт гарнууд, электрон тоноглол, аюулгүйн дэр, ширэн суудал, суудал халаагч, цахилгаан люк, цахилгаан шил өргөгч, 8 чанга яригчтай 6 CD солигч бүхий хөгжим зэрэг илүү тав тухыг хангасан, хэрэглэгчийнхээ ая тавыг гол зорилгоо болгосон зам дуусвал мангас зангаа гаргачихдаг бартаат замын хааны Тав дахь дүр 1997 онд дахин тодров. Бий болсон цагаасаа Toyota Land Cruiser-ээс илүү гарсан гэдэг шуугианыг дэлхий даяар тарааж байсан нь гадна төрхөөсөө гадна хөдөлгүүрийн хүчээсээ ч хамаарч байв. Хэдийгээр түүнд урд талын гупер дээрх манангийн гэрэл нэмсэн, арын гэрлийн загварыг өөрчилсэн зэрэг хэд хэдэн жижиг сайжруулалт хийж байсан ч тэдгээр нь 2004 онд хийгдсэн том хэмжээний өөрчлөлттэй харьцуулахад хэн хүний нүдэнд өртөхөөргүй шахуу зүйлс гэж хэлж болно. 2004 онд хийсэн өөрчлөлтөөр түүний урд эх гэрэл бүхэлдээ өөрчлөгдөж, илүү хурц өнцгүүд бүхий нэг цул пластмасан гэрэлтэй болж, урд гупер бүхэлдээ солигдон дугуйн аркнуудын дээр дөрвөлжин хэлбэрийн нэмэгдэлтэй болсон нь гадна төрхийг мэдэгдэхүйц сайжруулсан. Арын гэрэл өмнөхөөс хэд дахин том болсон нь хойноосоо бага зэрэг унжгар харагдах байдлыг бүрэн эвдсэн гэж санагддаг. Бас арын хоёр тийшээ онгойдог хаалганы том хэсэгт нь суурилуулсан нөөц дугуйн пластмасан хамгаалалт түүний Off road имижд мэдэгдэхүйц нэмэртэй харагдуулдаг зүйлсийн нэг бөгөөд “Би хамаг юмаа үүрчихсэн байна. Яг одоо ч хөдөө явсан болж байна” гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж чаддаг. Дотор салоны хувьд улам баяжсан. Цайвар шаргал өнгөтэй, халдаг ширэн суудал, шир болон модоор хослуулсан хаалганы хэсэг энэ үеэс хийгдэж эхэлсэн. Мөн урд талын зорчигчийн харах түвшинтэй харьцуулахад ялимгүй өндөр гэж санагдах ч дээд хэсгийг хараар, дунд хэсгийг модоор, доод хэсгийг суудал хананыхтайгаа адилаар гурван өнгөөр хослуулан хийсэн панел нь үнэтэй машинд л үзэгдэх нүд амраам сайхан зохицол юм. Бас BMW-ийн тансаг зэрэглэлийн суудлын машины дэлгэцтэй төстэйгөөр панелны голд тун эвтэйхэн байрлуулсан дэлгэц, жолооны хүрд дээр байрласан хөгжимний удирдлага гээд орчин үеийн машинд байх бүх зүйл түүнд бий. Хөдөлгүүрүүдийн хувьд өмнөх хаанаасаа илүү баян хаан гэж тооцогдох боломжтой. Учир нь 4500 сентиметр багтаамжтай, 197 морины хүчтэй, цуваа хэлбэрийн 6 цилиндр бүхий бензин TB45E, 4800 сентиметр багтаамжтай, 248 морины хүчтэй, цуваа хэлбэрийн 6 цилиндртэй бензин TB48DE, 2800 сентиметр багтаамжтай, 133 морины хүчтэй, цуваа 6 цилиндрт турбодизель RD28ETi, 3000 сентиметр багтаамжтай, 158 эсхүл 170 морины хүчтэй, мөн цуваа 4 цилиндртэй дизель ZD30DDTi, 4200 сентиметр багтаамжтай, 123 морины хүчтэй, цуваа хэлбэрийн 6 цилиндр бүхий дизель TD422, 2800 сентиметр багтаамжтай, 133 морины хүчтэй, цуваа 6 цилиндртэй дизель хөдөлгүүр зэрэг маш олон төрлийн сонголтыг хийж суурилуулах боломжтой байсан уг загвар Америкийн Нэгдсэн Улсынхаас бусад бүх зах зээлд худалдаалагдах боломжтой загвар байсны шалтгаан бизээ. Ер нь Patrol V хааныг зарим талаар нь үйлийг нь үзэх явдал их байдаг. Техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилийг юу, юугүй 2 тэнхлэг дээр чихчихээгүй болохоор түүнийг хүслээрээ тоноглож, өөрчлөх боломжтой байдаг. Эх биеийн зөв харьцаа, хүндийн төвийг эх биеийн хамгийн доод хэсэгт гэхдээ урд тал рүү илүү хэлбийлгэн хийсэн нь ESP -гүйгээр ч тэнцвэрээ маш сайн хадгалах чадвартай байдаг зэргээс шалтгаалан жинхэнэ Off road хорхойтнууд энэ машиныг сонгож Extreme Off-Road Sport-ын хэрэгсэл болгох нь бий. SUV-г аялалд хамгийн сайн тоноглож чаддаг хүмүүс австраличууд юм шиг байгаа юм. Австралийн SUV тоноглогч ARB компанийн бүрэн тоноглолтой Nissan Patrol аль ч автомашин үйлдвэрлэгчийн аль нэг загвараас эрс ялгаран сайхан харагддагийг Та бид хотынхоо гудамжаас харж байдаг. Миний хувьд Y60-ыг Nissan-ы сүүлийн 60 жил бүтээсэн бүх сайн зүйл шингэсэн гайхалтай SUV гэж боддог. Тийм болохоор нь ч юм уу бүү мэд Nissan компани Y61-ийг хаан ширээнээс нь буулгалгүй түүний хойд дүр Y62 буюу Nissan Patrol VI хаантай хамтад нь хааны тамгыг атгуулахаар шийдсэн нь талархмаар.

 
Y62 загвар:

Patrol VI буюу Y62 модель бол дайны фронтод байлдаанд бэлхэн зогсох эрэлхэг ахмад биш, харин алдар цуу нь хэдийн тодорхой болж, гавьяа байгуулаад шагнагдан эдлэндээ байгаа генерал гэж зүйрлэж болох юм. XXI зууныг дайны сүүдрээс хол байлгах хүн төрөлхтний хүслийг илэрхийлэх мэт Patrol ч гэсэн өөрийнхөө үүрэг, чиглэлийг өөрчилсөн гэж илт харагдана. Өөрчилсөн гэхээсээ илүү байгуулсан гэж хэлэх нь зүйтэй болов уу.


Nissan-ын загваруудаас Patrol-ыг энгийн үйдвэрлэлийн аргаар хийгдэж ирсэн “old school” гайхамшигтай бүтээл нь гэж хэлж болно. Учир нь Y62-оос өмнөх загваруудад дотоод шаталтат хөдөлгүүртэй бусад төрлийн автомашины ерөнхий бүтцээс тэгж их ялгараад байх элемент гэж бараг байхгүй. Хамгийн зөв тооцоо, хамгийн эвтэйхэн байрлал, хэрэгцээгүй зүйлсийг хөсөр хаяснаас бий болсон зүйл бол Nissan Patrol байсан гэж би боддог. Гэхдээ энэ нь Nissan өөрийн бүтээгдэхүүндээ техник, технологийн дэвшил, гайхалтай ололтыг нэвтрүүлдэггүй, бүтээгдэхүүнийхээ хөгжилд шинжлэх ухаанч байдлаар ханддаггүй гэсэн үг огт биш юм. Та мэдэх байх. Nissan GT-R 35 гэдэг гайхамшигтай загвар дэлхийд бий болсноор орчин үеийн Super car-ын шинэ давалгааг бий болгож, Sport car-ын өндөр босгыг шинэчлэн тогтоож, Япон хүний бахархлыг нэгээр нэмж, автомашинд дурлагсдын амыг ангайлгаж, тэр бүү хэл youtube-ийн хайлтын системд ачаалал үүсгэсэн бүтээл болсон билээ.


Гайхамшигтай энэ машины эд анги нэг бүрийг зөвхөн тухайн машинд нь л зориулж, түүнд л таарахаар хийдэг гээд бодохоор хамгийн том хэсгээс ширхэг шураг хүртэлх бүх эд ангид технологийн дэвшлийг шингээсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгвэл Nissan-ынхан яг энэ арга барилаа Patrol-ын зүг чиглүүлчихэждээ гэж хааны VI дүрийг харахад өөрийн эрхгүй бодогдсон. Өмнөх загваруудын даруу төлөв, гүндүүгүй, хэн нэгний урдуур ороод онголзоод байдаггүй, гэхдээ хийе гэвэл хийсэн шиг хийчихээд хээв нэг инээгээд зогсож байдаг Монгол эр хүн шиг төрхийг эвдэж, илүү эрч хүчтэй, ихэмсэг, чамин атлаа үлгэр шиг нууцлаг, олж харахгүй өнгөрөхийн аргагүй шинэ дүр төрхийг Y62-д цогцлоожээ. Төрхөөс гадна энэ загвараас өөрчлөлт, шинэчлэлт, өмнөхөөс нэг л ялгаатай арга барил илт үнэртдэгийн нэг шалтгаан нь өнгөрсөн зууны сүүлээр болсон түүхэн үйл явдлаас хамааралтай юм. 1999 онд Францын автомашин үйлдвэрлэгч Renault компани Nissan-ы 36.8 хувийг худалдан авч, одоо Renault Nissan-ын 43.4%, харин Nissan Renault-ын 15% эзэмшдэг өвөрмөц түншлэлийг бий болгон түүнийгээ Renault-Nissan Alliance хэмээн нэрлэсэн нь автомашин үйлдвэрлэлд тийм ч сонин байгаагүй боловч хамгийн сонирхолтой нь хоёр тусдаа, дэлхийн хоёр өөр тивд байрладаг, хоёр өөр хэл, соёлтой газрын хоёр тэс өөр компаниудыг хамтад нь Carlos Ghosn хэмээх ливан гаралтай бразил эрээр удирдуулах болсон нь юм. Carlos Ghosn Nissan-д ирсэн цагаасаа хойш хоёрхон л загвараа өөрийн биеэр танилцуулсан юм. Нэг нь домог мэт GT-R 35, нөгөө нь Хааны VI дахь дүр билээ. Домог мэт энэ хоёр загварыг өөрөө танилцуулна гэдэг нь тэдгээрийг ямар их анхаарч үйлдвэрлэснийг гэрчилж байгаа болов уу. Y62 бусад Patrol-оосоо яагаад ийм өөр юм бэ гэдэг талаар тодорхой төсөөлөлтэй болсон гэж бодож байна. Өөр арга барил, бүрэн шинэчилсэн менежмент энэ загварт нэвт шингэсэн юм. Түүнд технологийн дэвшлийг шингээж, шинжлэх ухаанчаар хандсаныг тод илэрхийлэх нэг зүйл бол Hydraulic Body Motion Control System буюу махчилвал эх биеийн хөдөлгөөнийг гидрийн тусламжтайгаар хянах төхөөрөмж юм. Түүний ажиллах зарчим нь хэрэв Таны машин баруун тийш хазайвал машины баруун тэнхлэгтэй холбогдсон гидрийн шингэний савнаас шахагдан гарсан шингэн зүүн талын саванд шахагдан орсноор таны машиныг тэнцвэртэй байлгадаг аж. Энэ тохиолдолд машин хугацааны ямар ч алдагдалгүйгээр тэнцвэртэй байж, өндөр хурдтай эргэлт хийх зэрэг үйлдлийг саадгүй хийх боломжтой болно. Энэ үйлдэл машин тань урагш хойш хөдлөх хөдөлгөөнд ч хамаатай гэж бодохоор урт, том кузовтой SUV-ний манайх шиг нугачаа ихтэй замд тохиолддог хамгийн том асуудлыг шийдчихэж байгаа юм. Patrol-ын гэр бүлийн хамгийн отгон нь мөн хамгийн анхны бүрэн үл хамаарах тэнхлэгтэй нь болохынхоо хувьд ч түүнд зөөлөн явдалтай байх шинж бүрэн бүрэлдсэн. Бас гайхалтай баян тоноглолууд, арыг болон хажууг харах боломжтой камерууд, нүдэнд эвтэйхэн харагдах, хаалганы бариулууд, маш том радиаторын сетка, хажуугийн цонхнуудын никель хүрээ, урд крило дээрх салхивчууд, уламжлалт улаан өнгөнөөс татгалзсан цагаан өнгийн LED арын гэрэл, салоны хэсэгт байрлах хүрэхэд тохиромжтой байрлуулсан гарт эвтэйхэн удирдлагууд, гаджетууд, ALL MODE 4x4 тохиргоо зэрэг нь машины талаарх хэний ч бодлыг хоромхон зуур л өөрчилж, миний хийх сонголт энэ юм шиг байна гэсэн бодлыг хялбархан төрүүлж чадах бөгөөд илүү баян, илүү үнэтэй тоноглолууд бүхий LE иж бүрдэлтэйд нь байдаг урд суудлуудын дэрний ард байрлуулсан LCD дэлгэц, арын суудлын тухтай байдал, тээшнийн хэсгийн хаалганы автомат онгойлгогч зэрэг нь ажил хэрэгч эрхэмд таашаагдан өмнө төрсөн бодлыг шийдвэр болгоход туслана гэдэгт итгэлтэй байна. Y61-ийг хүртэлх Patrol хааны таван дүрүүд бүгд шавар, шавхай харагдвал заавал дайраад гардаг off-road сонирхогчдын сонголт байсан. Харин Y62 нь үнэтэй костьюмтай, тэр болгон шавар шавхайтай зууралдаад байхгүй ч хэзээ ч хамаагүй замгүй газраар явахад бэлэн байдаг ажил хэрэгч нэгний, өөрөөр хэлбэл Таны сонголт болсон гэж хэлж болох юм. Түүнд авууштай зүйлүүд маш олон бий. Өмнөх Patrol-уудад байсан бартаа туулах чадвар, тогтвортой байдал, найдвартай баталгаатай зэрэг чанарыг хадгалснаас гадна орчин үеийн Luxury SUV-ийн тоноглолуудтай нь ангилалдаа тэргүүлэгчдийн эгнээнд зайлшгүй зогсоно гэдгийг батлах бөгөөд зарим өнцгөөс харахад өрсөлдөгчгүй ч байж магадгүй юм гэсэн бодол төрүүлнэ.


Тийм тоноглолууд нь дээр дурдсанаас гадна өгсөх болон аюулгүй уруудахад туслах Hill Start/Hill Descent Control System, хөдөлгөөнд оролцож байх үед Тань бусад машины хөдөлгөөнтэй машины тань алхааг нийлүүлэн удаан эсхүл хурдан хөдлөхөд туслах Intelligent Cruise Control, машиныг дээрээс нь харж байгаа мэт тодорхой харуулах 4 ширхэг камер бүхий дэлгэц, Vehicle Dynamic Control буюу хуучнаар Electronic Stability Program (ESP) нь Traction Control болох дугуйн газартай харьцаж буйг хянах системийг Brake Limited Slip Differential-тай нэгтгэж, шинэ Patrol-ыг хальтиргаатай үед эгнээ солих, эсхүл налуу хэсгээр зорчиход хажуу тийш гулгахгүй байхад туслах гайхамшигтай шинэлэг туслах программ, харуулд зогсож байгаа байлдагч даргаа ирэхэд тап хийтэл ёслодог шиг эзнээ ойртоход мэдэрдэг Intelligent Key, товчлуураар асаах боломжтой Push Start, арын тэнхлэгийн дифференциал цоожлогч, бүх дугуйн, тэр байтугай нөөц дугуйныхаа хийн даралтыг хянах боломжтой Tire Pressure control Monitor гээд дутуу нь энэдээ гээд хэлчихмээр зүйл бараг л үлдээгүй нь урамшмаар. Бүхээгний хэсэгт надад таалагдсан бас нэг зүйл бол түүний хамгийн арын эгнээний суудлууд нь. Гурав дахь эгнээндээ гурван том хүн элбэгхэн суулгах бөгөөд дээвэр нь арын хэсэгт суусан хүний толгой тулаад зовоогоод байхааргүй гэдэг нь гаднаасаа ч илт харагдах түүн шиг Luxury SUV бараг л үгүйдээ. Мөн тэдгээр суудлуудыг хураахад суудлууд нь бүрэн эвхэгдэж, шалтайгаа тэнцүү байдалд орон маш том тээшний хэсгийг бий болгох нь мөн л олон SUV-ээс давуу талтай гэж санагдсан. Шинэ Patrol Y62-ын бас нэг онцлог нь түүний хөдөлгүүрийн хэмжээ 60 жилийн түүхэнд нь байгаагүй хамгийн том болсон. Эх биеийн хэмжээ нэмэгдсэн, жин нь ч гэсэн нэмэгдсэн учир 5600 см.куб багтаамж бүхий VK56 хэмээх Nissan-ы V хэлбэрийн 8 цилиндртэй хөдөлгүүрийг тавьжээ. VK хөдөлгүүр нь тодорхой онцлогтой. Nissan-ы V хэлбэрийн хөдөлгүүрүүд нь үнэхээр сайн гэдгийг Та мэдэх байх. VQ хэмээх 6 цилиндртэй хөдөлгүүрүүд нь Америкийн Нэгдсэн Улсын Ward-ын 10 шилдэг хөдөлгүүрийн жагсаалтад сүүлийн 14 жил тасралтгүй багтаж ирсэн байдаг. Мөн VR хөдөлгүүр нь бодит домог болсон GT-R35-д тавигддаг байх жишээтэй гээд Nissan V цувралын хөдөлгүүрүүдээ хамгийн сайн бүтээгдэхүүнүүддээ тавьдаг билээ. Patrol-д тавьсан VK56 хөдөлгүүр нь Nissan-ы Luxury машин бүтээх салбар компани болох Infiniti-гийн QX56 загварт тавьдаг хөдөлгүүр бөгөөд Patrol-д түүнийг 2 байдлаар харах боломжтой юм. Нэг нь VK56VD буюу 32 хавхлагтай V хэлбэрийн 8 цилиндртэй 400 (298 kW) морины хүчтэй хөдөлгүүр юм.


Ийм том хөдөлгүүртэй машин түлшийг ч ёстой нэг шатааж өгөх байхдаа гэж хэн ч бодох нь мэдээж. Гэхдээ айхтар арабууд нэг туршилтыг хийснийг сонсоод Та миний адил гайхах байх. Тэд Арабын Нэгдсэн Эмиратад байдаг Nissan Show room-ээс Саудын Араб дахь Show room хооронд бараг 1000 км газрыг бак бензинээрээ туулах тестийг хийжээ. Y62 бензин нэмэх шаардлагагүйгээр хүрэх газартаа хүрсэн бөгөөд тест хийсэн хүмүүс нь бидэнд дахиад 140 км газар явах бензин үлдсэн нь гайхамшигтай байна гэжээ. Y62-ыг үйлдвэрлэлд оруулахад олон хүн Y61-ийг үйлдвэрлэхээ болих нь гэж харамсаж байсан. Гэхдээ сайхан мэдээ дуулгахад Y61-ийг одоог болтол үйлдвэрлэсээр байгаа бөгөөд Y62-оос арай хямд загварыг үйлдвэрлэх шугам хэвээр байлгахаар шийдсэн учир Та яг одоо ч гэсэн Моннис-ын show room-ээс цоо шинэ Y61-ийн GRX, STD загварыг худалдан авах боломжтой юм.


Patrol-ын бүх загваруудад “60” гэсэн тоотой яагаад ч юм нууцлаг байдлаар холбогддог. Хамгийн анхны 4W60-аас эхлээд бүх загварын моделийн дугаарт 60 гэсэн тоо агуулагдаж байдгийн учрыг мэддэг нэгэн тайлбарлавал сонирхолтой л байх болов уу. Учрыг нь нарийн тайлж мэдэхгүй ч Nissan Patrol-ыг үйлдвэрлэж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаа энэ цаг үе түүний Y62 загварыг худалдан авах хамгийн тохиромжтой үе юм шиг санагдаад байгаа юм. Patrol-ын талаар домог мэт яриа маш их байдаг. Авто спортынхон “Хэрэв хамгийн богино хугацаанд уралдаанд орохыг хүсвэл Nissan-ы диллерээс Patrol аваад уралдааныхаа аюулгүйн шаардлагуудыг л хангаад оролцоход Та эхний таван байрны нэгийг эзлэх нь тодорхой” гэдэг. Харин Австрали тивийн аялагчид “Хэрэв олон өдрийн, хол аянд явахаар төлөвлөж байгаа бол цуваанд чинь Nissan Patrol байгаа эсэхийг заавал нягтлаарай” гэдэг. Харин Монголчууд бид түүний талаар юу гэдэг билээ? Бид машинуудыг дүр төрхөөр нь нэрлэх дуртай хүмүүс. Нүдэн Бенц, өвгөн Бенц, гахай Pajero, монхор Grace гэх мэтчилэн нэрлэдэг бол Patrol-ыг танк, дөрвөлжин, бандгар гэх мэтчилэн эерэгээр нэрлэдгээс харахад Монголд хийж байгаа киноны муу дүрд Patrol унуулж болохгүйг харуулж байгаа юм. Би машинд дурлагч. Бичиж буй машиндаа дурлаж байж түүнд үнэн сэтгэлээсээ хандан бичдэг нь бичвэрийн минь онцлог байдаг. Харин Nissan Patrol-ын хувьд түүнд дурлах шаардлага надад байгаагүй ээ. Би түүнд маш эрт дурласан, Nissan Patrol урмыг минь хугалж, дурлал минь үгүй болох байдалд өдийг хүртэл намайг оруулаагүй билээ.

Ц.Чингарьд