Нүүр >> Медиа >> Ярилцлага >> М.Ганзориг: “Scania” ачааны машин эрс тэс уур амьсгалтай Монгол улсад тохирох техник
2011.02.16

М.Ганзориг: “Scania” ачааны машин эрс тэс уур амьсгалтай Монгол улсад тохирох техник

Бид Монгол дахь дэлхийн нэр хүндтэй автомашинуудыг судалж үзсэн. “Вольво”, “Мерседес бенц” гээд ихэнх нь манайд байдаг л даа. Гэхдээ өнөөг хүртэл уул уурхайн хүнд даацын ачаа тээврийн “Scania” брэнд л Монголд байгаагүй юм. “Scania” групп энэ хоёр том компанитай байнга өрсөлдөж байдаг. Тэр ч утгаараа Шведийн группийн байр суурь өргөжсөөр, дэлхийн хүнд даацын ачаа тээврийн машин үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэх эгнээнд гарч ирсэн.

1891 онд Шведэд байгуулагдсаныхаа дараа суудлын тэрэг үйлдвэрлэж байгаад 1902 оноос хүнд даацын автомашиныг зах зээлд нийлүүлж эхэлсэн юм билээ. Тэгээд Бразил, Нидерланд, Аргентин, Франц, Польш, Мексик, ОХУ зэрэг улсад өөрийн салбар үйлдвэрүүдээ нээж, “Scania”-гийн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэх болсон. 1946 онд 10 мянга гаруй ачааны машин үйлдвэрлэсэн бол 2009 оны байдлаар энэ тоо 80 мянгад хүрсэн байх жишээтэй. Ер нь Зүүн Европ болон Латин Америкт “Scania” брэндийн эрэлт хэрэгцээ илүү өссөн гэж хэлж болно. Уул уурхайн салбар түлхүү хөгжсөн Бразильд энэ төрлийн 6000 гаруй ачааны машин үйлчилгээнд нэвтэрсэн гэдэг. “Scania” групп үүсэн байгуулагдсаныхаа 120 жилийн ойг энэ жил тэмдэглэх гэж байна.

Швед улс зундаа чийглэг, зөөлөн уур амьсгалтай ч өвөлдөө эрс хүйтэрдэг, энэ талаараа ерөнхийдөө Монголтой төстэй. Тиймдээ ч Орос, Монгол шиг хүйтэн сэрүүн орнуудад бүтээгдэхүүнээ түлхүү нийлүүлдэг юм. “Моннис” групп эдгээр нөхцөл байдал, давуу талуудыг судалж байж сар гаруйхны өмнөөс “Scania” группийн Монгол дахь дистрьюбитер болж байна.

Бусад төрлийн ачаа тээврийн машинуудтай харьцуулахад туулах чадвар нь үнэхээр сайн. Ашиглалтын зардал нь бусад техникүүдтэй харьцуулахад 20 гаруй хувийн хэмнэлттэй, хэт электронжоогүй, засч сэлбэхэд энгийн хялбар, түлш зарцуулалт нь хэмнэлттэй, сэлбэг хэрэгсэл нь элбэг байдаг гэх зэрэг олон давуу талыг харгалзан үзсэний үндсэн дээр бид сонголтоо хийсэн.

-Монгол дахь анхны захиалагч нь ямар байгууллага байгаа вэ? Уул уурхайн чиглэлийн компани уу?

Тийм ээ. Энэ брэндийн анхны захиалагч нь одоогоор “Prophecy resources”, “Рэдхилл” компаниуд байгаа. Нийтдээ 19 самосвал энэ тавдугаар сард Монголд орж ирэх гэж байна. “Рэдхилл” компани “Scania” брэндийн ачааны машины бартаат зам туулах чадварыг үнэлж, уурхайд ашиглах гэж байгаа. Уул уурхайн салбар гэж ярих юм бол уг техникийг Зүүн Өмнөд Азийн орнууд, тэр дундаа Индонез, Вьетнамд олон тоогоор ашиглаж байгаа. Голдуу 50 тонны ачааны машинууд үйлчилгээнд нэвтэрсэн. Байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд ажиллах чадвартай, замын бартаа саадыг хүндрэлгүй даван туулдаг, засч сэлбэхэд дөхөмтэй гээд маш олон давуу тал “Scania” брэндэд бий. Мөн түлш зарцуулалтаараа маш бага байдаг нь хөгжиж буй орнуудын хэрэглэгчдэд илүү тохиромжтой гэж хэлж болно.

Ер нь энэ хүнд даацын машин нь аюулгүй ажиллагаа, тав тухтай байдал, маневрлах чадвар зэргээрээ үнэхээр эрэлт хэрэгцээтэй, маш олон жилийн судалгаа, тооцооны үр дүнд бүтээгдсэн техник. Замын аюулгүй байдлыг хангасан өндөр түвшинд ажиллах боломж бүхий техникийн системүүдтэй.

“Scania”-г голдуу ашигт малтмалын салбар дөнгөж хөгжиж байгаа орнуудад илүү хэрэглэдэг. Удахгүй Монголд оруулж ирэх хүнд даацын техникүүдийг уурхайд шороо зөөх гэхээсээ илүү нүүрсний тээвэрлэлтэд ашиглабал зохимжтой. Хамгийн багадаа 35 тонн, дээд тал нь 50 хүртлэх тонны даацтай машинууд орж ирнэ. Ерөөс Монголд энэ төрлийн хүчтэй, бат найдвартай техникүүдийг оруулж ирэх зах зээл нь бүрэлдсэн, цаашдаа ч өргөжиж хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний хэтийн зорилго бол “Scania” брэндийг Монголын нүүрс тээвэрлэлтийн компаниудад олноор нэвтрүүлэх.

-“Scania” хүнд даацын ачааны машины найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор Монголд Засвар үйлчилгээний төв байгуулах төлөвлөгөө бий юү?

Эхний оруулж ирэх ачааны машинуудад зориулж холбогдох сэлбэг хэрэгслүүдийг нь Монголд авчирна. Ер нь энэ төрлийн Засвар үйлчилгээний төв байгуулах бодолтой байна. Тодорхой хэмжээгээр сэлбэг байршуулах, нөөцлөх хэрэг ч гарах байх. Үүний зэрэгцээ “Моннис” группээс хүмүүсийг энэ техникийг зөв зохистой, дүрэм журмынх нь дагуу ашиглахад чиглэсэн сургалтад хамруулна. Мэдээж энэ брэнд Монголд анх удаа орж ирж байгаа болохоор худалдан авагчид болон оператор, жолооч нарыг давхар сургалтад хамруулах шаардлага гарна. “Scania”-г техникийн горимын дагуу ажиллуулбал ашиглах норм, хугацаа нь ч уртсана шүү дээ. Брэнд гэдэг утгаараа “Scania”-гийн стандартуудыг хангасан үйлчилгээнүүдийг эх орондоо нэвтрүүлэхээс өөр арга байхгүй.

-Баярлалаа



Бусад