Нүүр >> Медиа >> Ярилцлага >> Вилли ЛИБХЭРР: Бид итгэл найдвар хүлээсэн, тогтвортой байр суурийг бий болгохын төлөө ажиллаж байна
2010.10.09

Вилли ЛИБХЭРР: Бид итгэл найдвар хүлээсэн, тогтвортой байр суурийг бий болгохын төлөө ажиллаж байна

- Ноён Либхэрр, 2010 оны Баума үзэсгэлэн яармагаас Либхэрр Групп чухам юуг хүлээж байна вэ?

- Баума үзэсгэлэн яармаг бол манай компаний хувьд чухал ач холбогдолтой бөгөөд энэ жил бид урьд өмнөхөөс ч илүү хамгийн том үзэсгэлэнг дэлгэн танилцуулж байна. Баума 2010 үзэсгэлэн яармагаас бид бүх салбарт өргөнөөр ашиглагдаж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүчин чадал, үзүүлэлтийг хүрэлцэн ирсэн зочиддоо дэлгэн танилцуулж, тэдэнд өөрсдийн компаний талаар таатай сэтгэгдлийг төрүүлэхийг зорьж байна.

Хамгийн сүүлд зохиогдсон Баумагаас хойш дэлхийн эдийн засгийн байдал өнөөг хүртэл тогтвортой бус байгаа хэдий ч бид бүтээгдэхүүнийхээ цар хүрээг тэлэхийн тулд технологийн хөгжлийг улам бүр дээшлүүлсээр байна. Энэ жил бид бүхэн дэлхийн эдийн засгийн хямралыг урьд өмнөх хямралуудтай харьцуулахад нилээд хүнд байдалтай даван туулж байгаа. Гэхдээ энэхүү хямралыг бүрэн давж туулаагүй байгаа ч энэ удаагийн Баума бидний хувьд нааштай ирээдүйг бий болгох нөхцөл боломж гэж бид үзэж байна.

- Энэ жилийн Баума үзэсгэлэн маш шинэлэг, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна. Ямар учраас ийнхүү зохион байгуулагдаж байна вэ?

- Энэ жилийн хувьд Баумаг цоо шинэ өнгө төрхтэйгээр хийх болсон шалтгаан бол хамгийн сүүлд зохиогдсон Баумагаас хойш Либхэрр Групп тодорхой хэмжээнд өсөн дэвжсэн болохыг харуулах явдал юм. Энэ жил бид барилгын машин механизмын нэгэн цоо шинэ программ, мөн маш өргөн цар хүрээтэй бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэнд танилцуулж байгаа учраас 3 жилийн өмнөхөөс ч олон зочид төлөөлөгчид ирнэ хэмээн тооцоолж байгаа. Шинэлэг зохион байгуулалттай Баума үзэсгэлэн яармагийг эдийн засгийн хямралтай энэ үед танилцуулж байгаа нь манай компани ухрах бус харин ч илүү сайн сайхан ирээдүйрүү урагшилж байгааг харуулах болно.



- Тэгэхээр санхүүгийн хямралтай энэ үед ч Либхэрр Групп өөрийн хүч чадлаа таниулахыг зорьж байгаа хэрэг үү?

- Тийм л дээ. Манай хэрэглэгчид ч гэсэн энэ ямар чухал ач холбогдолтой болохыг мэднэ. Бид эдгээр жилүүдэд итгэл найдвар хүлээсэн, тогтвортой байр суурийг бий болгохын төлөө ажилласаар ирсэн. Мөн бид шинэ төслийн санаа болон тохиромжтой шийдэл гаргах уулзалтандаа Мьюнхэн дэх хэрэглэгч нарыгаа урьж байгаа.

- Дэлхийн санхүүгийн хямрал Либхэрр Группт хэрхэн сөргөөр нөлөөлөв?

- 5 жилийн идэвхтэй өсөлтийн дараа 2009 онд бид 17%-ийн алдагдал болох ойролцоогоор 7 тэрбум еврог нөхөж олох хэрэгтэй болсон. Түүнчлэн зарим салбарын бүтээгдэхүүнүүд, ялангуяа Аэроспейс, Тээвэрлэлтийн систем, Далайн кран зэргийн борлуулалтын хэмжээ өссөн юм. Бид бизнесийн бүх салбарт ажиллагсадтай хамтарч ажилладаг учраас тэдгээрийн аль нэг нь ашиггүй ажиллах тохиолдолд бусад салбарт ашигтай худалдаа хийх боломж байдаг. Бид судалгаанд тулгуурласны үндсэн дээр манай компаний ашиг 2010 онд хамгийн багадаа 5%-иар өснө гэж урьдчилан таамаглаж байна. Бид хэцүү цаг мөчтэй тулгарсан ч үүнийг даван туулах итгэл найдварыг олж хүчирхэг байдлаа хадгалах нь чухал юм.

- Ажлын байрны тухайд эрсдэл байгаа юу?

- Ажилчдынхаа ажлын байрыг хадгалж, эрсдэлд оруулахгүйн тулд бид боломжит бүх арга замыг хайж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, үйл ажиллагааны хувьд тааруухан байгаа үйлдвэрийн тодорхой тооны ажилчдыг Либхэррийн бусад компани руу шилжүүлэн ажлын байраар хангасан. Мөн өнгөрсөн жилд Герман дахь компаниудынхаа ажилчидтай ажлын байрны аюулгүй байдлын гэрээ хийсэн. Хэдийгээр бид гаднаас компанид нөлөөлөх сөрөг хүчин зүйлсийг хянах боломжгүй ч ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө хичээн ажиллаж байна.

- Либхэрр Групп ОХУ, Энэтхэг, Мексикт шинээр үйлдвэрээ барьж байгаа гэсэн. Энэ нь үйлдвэрүүдээ зөвхөн Европт байршуулдаг танай компаний уламжлалыг эвдэж байгаа хэрэг биш үү?

- Үүнийг ингэж ойлгож болохгүй. Бид илүү урагштай ажиллахын тулд олон газар нутагт үйлдвэрээ барих стратегийг даган мөрдөж байгаа. Нөгөө талаар бид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хадгалахын зэрэгцээ Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг улсуудын зах зээлд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн жилийн бизнесийн төлөвлөлтийг авч үзье. Хэдийгээр бид эдийн засгийн уналттай үед хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгасан ч гол стратегийн бодлогоо алдалгүйгээр уламжлалт болон бусад зах зээл дээрх өөрсдийн байр сууриа хадгалсаар байна. Жишээлбэл, өргөгч кран, далайн кран, машины тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Германы Эхингэн, Росток, Кэмптен үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлсэн бол энэ жил Францын Колмарт уурхайн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж нэвтрүүлээд байна. Мөн ОХУ, Энэтхэг, Мексик дэх үйлдвэрээ хурдацтай идэвхжүүлсээр байна. Тэр дундаа ОХУ-д цамхаган кран, агаарын тоноглол, өргөгч кран барих төсөл болон Энэтхэгт цамхаган кран, холигч технологи үйлдвэрлэх тал дээр шаргуу ажиллаж байгаа. Мексикийн хувьд нилээд шинэлэг хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд энэ нь салхины эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэж Хойд Америкийн зах зээлрүү нийлүүлэх явдал юм.

- Либхэрр Групп дэлхий даяар өргөн тархсан сувгуудаараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг. Хурдацтай хөгжиж буй технологийг шинэ зах зээлд нэвтрүүлдэг бизнес өртөг ихтэй байдаг. Энэхүү асуудлыг хэрхэн шийддэг вэ?

- Дэлхийн олон улс оронд Либхэррийн бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын тоонд БНХАУ, Бразил, ОХУ гэх мэт улсууд багтаж байна. Эдгээр орнуудын зах зээлд бид бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд зарим улсад нь үйлдвэрээ байгуулж, заримд нь шууд худалдаа хийх төлөөлөгчийн газраараа дамжуулан борлуулдаг. Манай бүтээгдэхүүнийг борлуулах гэрээт борлуулагчийн эрхтэй компани дэлхийд зөвхөн 2 улсад л байгаа. Эдгээр нь Аргентин болон Монгол улс бөгөөд маш хурдацтай, эрчимтэй өргөжин тэлж буй компаниуд юм. Эдгээр 2 улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа, мөн дээр дурдсан хурдацтай хөгжиж буй улс орнуудтай хаяа залган оршдог учраас бид дээрх 2 гэрээт борлуулагчид дистрибьютер хийх эрхийг олгосон болно. Ер нь энэ зах зээл нь өртөг өндөртэй, өндөр хөгжингүй технологийг шаарддаг нь тодорхой бөгөөд манай бүтээгдэхүүнүүд техникийн нарийн стандартыг хангасан байх ёстой байдаг. Тухайлбал, дизель хөдөлгүүрийн хорт утаа ялгаруулалтыг багасгах, хөдөлгүүр зохицуулагч, төхөөрөмж хянах системийн хүчин чадлыг сайжруулах зэрэг олон шаардлага бий. Мөн машинуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх, шатахуун зарцуулалтыг багасгах тал дээр бид түлхүү анхаардаг. Иймээс бид нийт системийнхээ эрчим хүчийг хэмнэхийн тулд эрчим хүчний дахин ашиглалт дээр ихээр анхаарч байна. Гэвч бид өөр өөр эрэлт хэрэгцээ бүхий олон төрлийн зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлдэг учраас манай бүтээгдэхүүнүүд бүх чанар стантартыг хангаж байхыг бид зорин ажиллаж байна. Жишээлбэл, саяхан шинээр үйлдвэрлэгдсэн мөлхөгч экскаватор маань уламжлалт болон хамгийн сүүлийн үеийн аль аль стандартыг хадгалсан бүтээгдэхүүн болж чадлаа. Энэ нь олон талт зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг зэрэг хангадагаараа онцлогтой юм.



- Та болон таны эгч Доктор Ханс Либхэрр нар Либхэрр Группыг ааваасаа залгамжлан авснаас хойш хорин жил өнгөрчээ. Компаниа удирдан авч явах үүрэг хариуцлагыг та хоёр хэрхэн нэгтгэж байна вэ?

- Энэ хугацаанд манай компани өргөжин тэлж ажиллах хүчний тоо 15000-32000 болж, даруй хоёр дахин, бүтээгдэхүүний хэмжээ 4 дахин өссөн билээ. Бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө илүү нарийн, өргөн цар хүрээтэй болж байгаа. Тухайлбал 12 жилийн өмнө бид дэлхийд хамгийн томд тооцогдох уурхайн хүнд даацын сомасвал үйлдвэрлэж эхэлсэн бол одоо ч тэргүүлэгчийн байр сууриа алдаагүй байна. Анх энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд их хэмжээний төсөв хэрэгтэй болсон. Энэ төсвийг хөрөнгийн биржд санал болгосон бол хүлээн зөвшөөрөгдөхгүй нь ойлгомжтой байсан юм. Гэвч манай компани гэр бүлийн бизнес дээр тулгуурласан учраас энэ төслийг зоригтойгоор эхлүүлэхээр шийдсэн юм. Нөгөөтэйгүүр бидэнд ашигтай байх нэг салбар бол бүтээгдэхүүнийхээ бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх юм. Жишээ нь: дизель хөдөлгүүр болон холхивчийг салхины эрчим хүчний үйлдвэрт нийлүүлж байна.

- Иймд өөрийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлнэ гэсэн үг үү?

- Таны зөв. Бид олон салбарын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг учраас энэ нь бидэнд эргээд шинэ боломжийг нээж өгдөг. Бүтээгдэхүүнийхээ бүх сэлбэг, бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэг маань үүний жишээ болно. Дээр дурдсанчлан Мексикт баригдсан шинэ үйлдвэрт холхивч үйлдвэрлэн салхины эрчим хүчний үйлдвэрт нийлүүлж байх жишээтэй. Бид энэ зах зээлрүү нэвтрэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр сэлбэг бүрэлдэхүүнүүд нь барилгын кран, машин механизмыг хийхэд ашигладагтай ижил юм. Мөн бид нисэх онгоцонд зориулсан агааржуулалтын системийг боловсруулж байгаа бөгөөд үүнийг бас хурдны галт тэргэнд ашиглах боломжтой юм. Эдгээр шинэлэг төслүүд нь биднийг хэрхэн бусад салбартай харилцан хамааралтай ажиллаж буйг харуулж байна. Бид одоогийн байдлаар 250 ширхэг нарны хамгаалалттай шүхрийг Мэдина дахь Лалын сүмийг босгоход нийлүүлж байна. Эдгээр шүхрүүд нэг нь л 40 тонн жинтэй, 26м.кв талбайг эзэлдэг ба бид эдгээрийг Мэдина, Мэкка зэрэг олон газарлуу нийлүүлэх бодолтой байгаа.

- Либхэрр нь үүсгэн байгуулагдаад одоогийн байдлаар дэлхийн үндэстэн дамнасан томоохон группуудын нэг болсон. Таны эцгийн бий болгосон зарчмууд одоог хүртэл энэхүү гэр бүлийн бизнест хүчинтэй хэвээрээ байгаа юу?

- Эцгийн маань хэрэглэж байсан чухал үндсэн зарчмуудыг бидний гэр бүлийн бизнес одоог хүртэл даган мөрдөж байгаа. Бид эдийн засгийн хувьд хүчирхэг учраас эдгээр зарчмуудыг хадгалсаар байна. Миний эцгийн баримталдаг зарчим бол “Өөрийн гараас гарахааргүй зүйлсийг хэзээ ч битгий хийж бай”. Энэ нь эрсдэл дагуулсан том төлөвлөгөөг бус зөвхөн өөрсдийн хийж чадах зүйлсийг үр ашигтай хийж бай гэсэн утгатай юм. Бас нэгэн чухал зарчим бол бид гэр бүлийн бизнес эрхэлж байгаагийн хувьд хамгийн шилдэг байхын төлөө бус олон манлайлагч хүмүүстэй хамтарч ажиллах нь илүү чухал байдаг. Тэр дундаа хамгийн чухал зүйл бол хэрэглэгчиддээ сэтгэл ханамж өгөх явдал юм. Үүний тулд ажилчиддаа ажиллах урам зориг өгч, таатай уур амьсгал бүрдүүлэн нэг баг болон хамтарч ажиллах нь бидний эн тэргүүний зорилт юм. Энэ бол бидний амжилтын түлхүүр юм.

- Либхэррийн амин сүнс гэж байдаг бол үүнийг юугаар тодорхойлох вэ?

- Энэ бол үнэхээр оршдог. Бид ажилчиддаа ажиллах таатай, эрүүл орчин бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр тэдний ажиллах урам зориг нэмэгдэхээс гадна өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой болдог. Манай компани ажилчиддаа дан ганц ажлын аюулгүй байдлыг хангаж өгөх бус хувь хүн өөрийн ажилдаа хариуцлагатай байх итгэл үнэмшлийг өгдөг. Компани эзэмшигчдийн хувьд миний эгч бид хоёр тодорхой бус, тэмүүлэлгүй зорилт дэвшүүлэхээс татгалздаг. Харин илүү тодорхой, ойлгомжтой, сайн зохион байгуулалттай зорилтыг бий болгохыг хичээдэг. Миний бодлоор энэ бол компанийг цааш цаашдаа хөгжихөд чухал алхам болдог болов уу. Бид бусад компаний адилаар зөвхөн хувьцааны үнэд анхаарлаа хандуулж ажилладаггүй. Манай ажилчид ч бидний тэдэнд хандаж буй үнэнч байдал, урам зоригт талархдаг. Бид хувь хүний үнэлэмжийг онцлох бус харин хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулж ажилласнаар нэг бүхэл бие болж чадна. Ингээд бүх зүйл энэ зарчмаар ажиллаж байвал биднийг амжилтруу хөтлөх болно. Ингэж хамтдаа амжилтанд хүрснээр ажилчид маань өөрсдөөрөө бахархах итгэлийг олж авах болно. “Либхэрр надад байнга тусалдаг” гэж манай нэг үйлчлүүлэгч надад хэлсэн юм. Энэ бол үнэн. Либхэрр бол нэг бүхэл бие бөгөөд бид хүнд хэцүү асуудалтай тулгарсан үед зугатаадаггүй, харин үүнийг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Энэ бол бидний үндсэн бодлого. Үүнийг бид баримталсаар ч ирсэн ирээдүйд ч баримтлах болно.

- Ярилцлага өгсөнд тань баярлалаа.




Бусад