Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис Групп: Гэгээлэг Маргаашийн Төлөө ТББ сайн үйлсийн аян өрнүүлж байна
2014.01.30

Моннис Групп: Гэгээлэг Маргаашийн Төлөө ТББ сайн үйлсийн аян өрнүүлж байна

Хүүхдийн сайн сайхан, байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах зорилготой, Моннис Группын ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ болон “Моннис Пропертиес” ХХК-ийн хамт олон хамтраад 2014 оны анхны сайн үйлсийн аяныг хэрэгжүүллээ.

Энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд тус компанийн оршин байдаг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран, дүүргийн хэмжээнд хөдөлмөрлөх хүсэл сонирхолтой, эрч хүчтэй, итгэл найдвар өвөрлөн ажиллан амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настанууд, түүнчлэн ТҮК-ийн ажиллагсадад зориулан хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

“Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-ийн ахмадуудыг баярлууллаа. 

Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д асруулж байгаа харж хандах ойр дотны хүнгүй 14 ахмадыг эргэн, тэдэнд сар шинийн баярыг угтан сэтгэлийн дэм, урам хайрлан, гарын бэлэг өгч нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан уран зураг, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

100 хувь хөдөлмөрийн чадваргүй ч урам зоригоор дүүрэн ажиллаж, амьдарч буй төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Пүрэвбаатарын зурсан зураг, лимбэний аялгуутай CD болон эсгийгээр төрөл бүрийн гар урлал хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Ариунтуяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 1 сарын 20-22-ны өдрийн хооронд Моннис компанийн байранд зохион байгуулж, нийтэд танилцуулан, дэмжлэг үзүүллээ.

Зураач, лимбэчин Т.Пүрэвбаатар нь энэхүү үзэсгэлэн худалдаагаар “Үүрийн туяа”, “1990 он”, “Тахь”, “Сүг зураг” уран бүтээлүүд, 100 гаруй цомогоо борлуулан, нийт 2,700,000 төгрөгийн орлого олсон байна.

Б.Ариунтуяа нь эсгий урлалаараа нийт 260,000 төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд түүний хамтран ажилладаг БИТ-3 төвийн хамт олонд нийт 1,000,000 орчим төгрөгийн орлоготой ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ажилчдад талархлаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Хотынхоо өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгахын төлөө өглөөнөөс шөнө хүртэл ажилладаг СБД-ийн ТҮК-н хамт олонд баярласнаа илэрхийлж, нийтдээ 50 орчим ажилтанд гарын бэлэг гардууллаа. Өвөл, зуны аль ч улиралд гадаа гандаж, ажлын төлөө өөдрөг алхацгаадаг ажилчид биднийг маш халуун дотноор хүлээн авсан юм.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ар гэрт тусламж үзүүлэн, хүүхдүүдэд дулаан хувцас, тоглоом хүргэлээ.

СБД-д амьдардаг нийт 5 өрхийн 1-16 насны 18 хүүхэд, өрх толгойлсон 4 эмэгтэй, 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан 1 хүн, хэвтрийн 1 өндөр настай хүнд дэмжлэг туслалцаа үзүүллээ. Эдгээр айлуудад өвлийг өнтэй давах нүүрс болон Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын тавгийн боов, цайны сүү зэргийг бэлэглэж, бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд өвлийн дулаан хувцас /гутал, куртка, өмд, цамц, малгай, ороолт зэрэг/, тоглоом, витамин зэргийг бэлэглэлээ. Хүүхдүүд өвлийн хүйтэнд гадуур хувцас, мөн сольж өмсөх хувцас байхгүй учраас цэцэрлэг, сургуульд явж чаддаггүй байсан билээ.

Түүнчлэн энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгаас цаашид эдгээр өрхүүдийн цэцэрлэг, сургууль завсардсан хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд оруулах, өрх толгойлсон эхчүүдийг ажилтай болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах тал дээр хамтран ажиллаж, дүүргийнхээ иргэдийг дэмжихэд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ
 
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Цамхаг 14 давхар
Утас: +(976)-11-311687
Факс: +(976)-11-320271
И-мэйл: ngo@monnis.com


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад