Нүүр >> Медиа >> Ярилцлага >> П.Баяр: Моннис компани “Ниссан”-аа Хятадаас оруулж ирдэггүй
2013.05.17

П.Баяр: Моннис компани “Ниссан”-аа Хятадаас оруулж ирдэггүй

“Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал П.Баяртай ярилцлаа.

- “Моннис” Хятадаас “Ниссан” автомашинуудаа оруулж ирдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Танайх “Ниссан”-аа урд хөршөөс оруулж ирдэг юм уу?

- Сайтуудаар ийм агуулгатай мэдээлэл цацагдсанаас хойш манайхаас машин сонирхсон хүмүүс яг ингэж асуугаад байгаа. Шуудхан хэлэхэд энэ бол манай компаний нэрийг муугаар гаргах гэсэн хэн нэгний явуулга. “Ниссан”-ыг Японы брэнд автомашин гэдгийг хүн бүр мэднэ. “Ниссан Мотор” компани нь тив дамнасан том корпораци учраас автомашинаа олон улсын зах зээлд нийлүүлэхдээ зах зээлд нь ойртуулах бодлого барьдаг. Өнөөдрийн байдлаар “Ниссан Мотор” нь дэлхийн 16 оронд 31 үйлдвэр ажиллуулж, жилд 5 сая автомашин үйлдвэрлэж байна. Зарим улс орон автомашины импортод асар өндөр татвар ногдуулдаг нь автомашин үйлдвэрлэгчид тухайн оронд өөрийн үйлдвэрээ байгуулахад хүргэдэг. Жишээ нь БНХАУ гэхэд л импортоор орж ирж байгаа машинд 180 хувийн татвар ногдуулдаг. “Ниссан Мотор”-ын хувьд бусад орны зах зээлээ өөрийн мэдэлд байлгах үүднээс тухайн оронд үйлдвэрлэсэн “Ниссан” автомашинуудыг гадаадад гаргахгүй, зөвхөн дотоодынхоо зах зээлд нийлүүлнэ гэсэн гэрээтэй байдаг. Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн “Ниссан” зөвхөн Хятаддаа борлогддог гэсэн үг. Бид “Ниссан”-ы бодлогыг л дагадаг. “Ниссан” бидэнд Хятадаас авахыг зөвшөөрдөггүй. Хятадад ажилладаг “Ниссан”-ы үйлдвэр зөвхөн Хятадын зах зээлд зориулагдсан, экспортод гаргахыг хориглосон заалттай байдаг. Манай компанийн хувьд тав, зургаан жилийн өмнө захиалгаар цөөн тооны “Теана” болон “Паладин” машиныг захиалагчийн хүсэлтээр урд хөршөөс, арай хямд үнээр оруулж ирж байсан. Гаалийн бичиг баримтан дээрээ хаанаас орж ирсэн нь тодорхой байгаа. Японоос орж ирсэн машиныг бодвол арай хямд үнэтэй л дээ. Мэдээж “Ниссан”-ы зүгээс дургүйцсэн. Тэр үеэс хойш урд хөршөөс нэг ч машин оруулж ирээгүй. Сүүлийн үед ийм яриа тархаад байгааг сайн ойлгохгүй байна.

- Олон жилийн өмнө цөөн тоогоор оруулж ирсэн байхад өнөөдөр ийм мэдээлэл цацагдаж буй нь анхаарал татаж байна л даа. Яагаад ийм мэдээлэл цацагдаад байгаа юм бол?

- Учир нь манай компанийн тав, зургаан жилийн өмнө оруулж ирсэн “Теана” нь тухайн байгууллагадаа ашиглагдаж байгаад актлагдсан юм билээ. Актлагдсаныхаа дараа гурван, дөрвөн эзэн дамжиж зарагдсан байдаг юм. Сүүлд авсан хүн нь Казахстан руу хуучин машин гаргадаг ченж байж таарсан. Казахстан руу гаргах гээд Оросын хил дээр очиход Японд үйлдвэрлэсэн “Ниссан Теана” биш “Донгфэн Мотор” гэдэг компанид үйлдвэрлэгдсэн машин байна гээд оруулаагүй гэнэ лээ. Тэгэнгүүт нь мөнгө өгч байж аргалаад гаргасан байгаа юм гэсэн. Дараа нь тэр ченж залуу тэр авлигад өгсөн мөнгөө манайхаас гаргуулах гэж ирсэн л дээ. “Танай нэр хүндийг унагана" гэж дарамталж мөнгө нэхэхээр нь бид өгөөгүй. Учир нь бид Хятад машин зараад худалдан авагчийг хуураагүй, 2-т мөнгө нэхэмжилсэн тэр иргэнд машинаа зараагүй.

- “Донгфэн отор” гэдэг хятад компани “Ниссан”-ы үйлдвэртэй ямар холбоотой юм бэ?

- “Ниссан” үйлдвэрээ Хятадад байгуулахдаа энэ компанитай хамтарсан юм. Тэрнээс биш Ниссаны тусдаа өөрийн үйлдвэр Хятадад ганц ч байхгүй. “Донгфэн мотор” дотор “Ниссан”-тай хамтарсан үйлдвэр нь тусдаа байдаг. Тэр үйлдвэр нь зөвхөн “Ниссан”-ы машинуудыг л үйлдвэрлэдэг.

- “Донгфэн Мотор” компанийг дампуурах шахсан, хэний ч мэдэхгүй компани гэж мэдээлээд байгаа. Энэ компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- “Донгфэн Мотор” бол Хятадад автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг, бүх төрлийн машин үйлдвэрлэдэг компани. Том компани гэдгийг нь ганцхан жишээгээр нотолъё. Дэлхийн хүчирхэг армиудын нэгд багтдаг Хятадын арми, батлан хамгаалах хүчин энэ компанийн үйлдвэрлэсэн машинаар зэвсэглэдэг. Тэгээд ч “Ниссан Мотор” нь хэний ч мэдэхгүй дампуурах шахсан үйлдвэртэй хамтран ажиллахгүй нь тодорхой.

/БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн параадаар Бээжингийн төв талбай дээр жагсаад явж байгаа цэргийн пуужин, радар зэргээр тоноглогдсон "Донгфэн" машинуудын зураг үзүүлэв./

- Танайхтай холбоотой бас нэг мэдээлэл цацагдаад байгаа нь “Моннис” нийслэлд асар өндөр үнээр хогны машин нийлүүлсэн, тэр машинууд нь эвдэрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлд мөн л “Донгфэн Мотор” гэсэн нэр сонсогдсон. Сайн компаниас нийлүүлсэн хогны машинууд яагаад ийм асуудал дагуулаад байгаа юм бол?

- Төрийн байгууллагууд бараа таваар худалдаж авах тендер зарладаг. Бидний хувьд автомашны тендерүүдэд аль болох бүгдэд нь оролцохыг хичээдэг. 2008 онд Улаанбаатар хотын захирагчийн албанаас хогны машин авна гэсэн тендер зарласан юм. Бид тэр тендерт оролцоод хамгийн хямд үнэ санал болгосон учраас ялсан. Хогны 72 машин нийлүүлэх тендер байсан. Угаасаа тендерт аль хямд үнэ санал болгосон нь л ялдаг шүү дээ. Тэгээд л “Донгфэн Моторс”-д захиалга өгч машинуудаа нийлүүлсэн. Машинаа буруу ашиглаж эвдчихээд дараа нь ийм асуудал яриад байгаад гайхаж байна.

- Машинаа яаж буруу ашигласан гэж?

- Бидний нийлүүлсэн машин таван тоннын даацтай, ахуйн хог тээвэрлэх зориулалттай. Ахуйн хог гэдэг нь айлуудаас гардаг хог гэсэн үг. Гэтэл ийм зориулалттай машиныг барилгын хог, материал зөөхөд ихээр ашиглаад байгаа юм. Цемент, бетон, элс ачиж байна. Ахуйн хогны нягтрал нэг куб метр нь 450 кг байдаг. Гэтэл нэг куб метр элс хоёр тоннын жинтэй. Дөрөв дахин хүнд байгаа биз. Таван тоннын даацтай машин дээр 10-15 тонн ачаа ачаад байхаар эвдрэх нь тодорхой. Хогны машин хүрэлцээ муутай учир ТҮК-ийн дарга нар 10 тонныг ач гэсэн үүрэг өгдөг юм билээ. Илүү ачаа ачсан машины рам, нум хугарахаас эхлээд эвдрэл гэмтэл их гарах нь ойлгомжтой.

- Уг нь урсгал засвар хийгээд яваад байвал таг зогсохгүй баймаар. Сэлбэг, эд анги нь олдоход хэцүү байдаг юм болов уу?

- Манай сэлбэгийн агуулахад сэлбэг нь бэлэн байгаа /агуулахдаа оруулж үзүүлэв/. Элэгддэг эд ангиудыг нь аваач гэхээр авдаггүй юм. Бид нийлүүлсэн хогны машиныхаа урсгал

- Үйлчилгээний сэлбэгүүдийг машинуудыг нийлүүлэхдээ л нөөцөлсөн байсан.

- Яагаад авдаггүй байсан юм бол?

- Бидний бодлоор ерөөсөө л төсөв мөнгөтэй холбоотой. Машин ашиглаж байгаа тохижилт үйлчилгээний компаниуд улсаас машин авчихаад сэлбэг авах мөнгөө төсөвтөө тусгаагүйгээс болсон байх. Нэг бол машины засварт маш бага мөнгө төсөвлөдөг байх. Бага мөнгө төсөвлөчихөөр жолооч нарт хар захаас хямд сэлбэг авч монголчлохоос өөр арга байдаггүй болов уу.

Захаас хямд авсан сэлбэг нь мэдээж таарч, тохирохгүй шүү дээ. Манай компанийн зүгээс бүр сүүлдээ “машинаа бодооч, сэлбэгийг нь өөрийн өртгөөр нь ав” гэж хэлээд ч нэмэр болоогүй.

- Сэлбэг ав гэж албан бичгээр хандаж байсан уу?

- Бид Нийслэлийн захирагчийн алба, бүх дүүргийн ТҮК, Засаг дарга нарт нь албан бичиг явуулж байсан.

- Ямар хариу өгсөн бэ?

- Ямар ч хариу өгөөгүй. Зарим нь ирээд үнийг нь сонсчихоод л яваад өгдөг байсан. Олон тендерт оролцсон компанийн хувьд анзаараад байхад манай төрийн байгууллагуудад нэг том алдаа байдаг. Зөвхөн автомашин дээр ч биш бүх юман дээр ажиглагддаг алдаа л даа. Маш хямд үнээр өндөр үнэтэй брэндийн юм авах гэдэг. Чанартай юм үнэтэй байдаг нь зах зээлийн хууль. Хэрэв нэг машинд 25 сая биш 100 сая төгрөг төсөвлөсөн бол тэр үнэд нь таарсан илүү сайн чанарын машиныг Японоос оруулаад ирэх бүрэн бололцоотой.

- Танай компани нийслэлд нийлүүлсэн хогны машиныг хэдэн төгрөгөөр оруулж ирсэн бэ?

- Нэг бүрийг нь 25 сая төгрөгөөр оруулж ирсэн. 25 сая төгрөгөөр ачааны машин байтугай жижиг суудлын машин ч шинээр нь авч чадахгүй.

- Ер нь хогны машин хэдээр үнэлэгддэг юм бэ?

- Манай оруулж ирсэнтэй ижил ангиллын машиныг Солонгосоос оруулж ирэхэд дунджаар 100 сая төгрөг болдог.

- Танайх нийслэлд хогны машин нийлүүлээд хэдий хэмжээний ашиг олсон бэ?

- Ашиг олох нь байтугай хэдэн зуун сая төгрөгийн алдагдал хүлээсэн.

- Яагаад?

- Бид тендерт ялаад Нийслэлийн захирагчийн албатай гэрээ байгуулж байхад ам.долларын ханш 1180 орчим төгрөг байсан. Машинаа нийлүүлэх болоод Хятад руу ам.доллар худалдаж авч шилжүүлэх үед долларын ханш огцом өсч 1400-аас хол давсан байсан. Ханшийн зөрүүнээс болж хэдэн зуун сая төгрөгийн алдагдалд орсон. Бид анх тендерт орохдоо ч нэг их ашиггүйг мэдэж байсан. Тендерт ялж улсдаа хэрэгцээтэй автомашин нийлүүлэх нь манай нэр төрийн асуудал гэж бодсон юм. Гэтэл өнөөдөр алдагдалд ороод, дээр нь төсвөө муу хийсэн улсаас болж нэр төрийн алдагдалд давхар ороод байна.

- Танай зүгээс хогны машинууд ямар шалтгаанаар эвдэрсэн гэдгийг сонирхож үзсэн үү?

- Үзсэн. Яваад үзэхээр зориулалтын дулаан гараж, зориулалтын засвартай ТҮК тун цөөхөн байдаг юм билээ. Голдуу хашаанд, шороон дээр ил задгай орчинд байлгадаг юм байна. Завсарчидгүй, жолооч нар нь өөрсдөө ухдаг. Тосыг нь шалгахад л тас хар болчихсон байх жишээтэй. Уг нь 5000 км яваад харлахаас нь өмнө солих ёстой шүү дээ.

- “Моннис” борлуулалтын дараах үйлчилгээндээ хэр анхаардаг вэ. Засах боломжгүй эвдрэл гэж байх уу?

- Ченжүүд машинаа зараад "баяртай" гэдэг бол бид тэгдэггүй. Машинаа зарна, сэлбэг нийлүүлнэ, засвар үйлчилгээ хийнэ. Засварын гол газар маань төв дээр байна. Хэрэглэгчиддээ ойртох үүднээс Эрдэнэтэд засварын газраа нээсэн. Хойд зүгийн болон баруун аймгийнхан машинаа энд биш, Эрдэнэтэд засуулах боломжтой гэсэн үг. Хотод төвд ачаалал өндөр учраас Амгаланд бас нэг засварын газар нээсэн. Цашдаа баруун чигт, говийн аймгуудад засварын газар нээх төлөвлөгөөтэй байгаа. Бидэнд засч чадахгүй эвдрэл гэсэн ойлголт байхгүй. Бүх эвдрэлийг засна. Бүх сэлбэгийг нийлүүлж болно.

- Аль ч улсаас орж ирсэн, ямар ч маркийн “Ниссан”-ыг засах боломжтой юу?

- Дэлхийн аль ч орноос орж ирсэн “Ниссан”-ыг засна. Учир нь “Ниссан”-ы бүх эд ангийг компьютерийн системд нэвтрүүлсэн. Тийм марк, тийм арлын дугаартай гээд компьютерт шивэхэд л кодоор гараад ирдэг. Манайд түгээмэл хэрэглэдэг сэлбэг нь бэлэн байдаг. Ховор эвдэрдэг, бараг эвдэрдэггүй шахуу сэлбэг байвал онгоцоор захиалж, 14 хоногийн дотор нийлүүлдэг. Үндсэн сэлбэгүүдээ контейнероор татчихдаг болохоор хангалттай нөөцтэй байдаг.

- Нэг талыг барьсан мэдээлэл гараад байгаа нь ямар учиртай юм бол. Танай компанийн зүгээс мэдээлэл хаалттай байгаад байна уу?

- Манайхаас мэдээлэл авъя гэсэн хэн ч хүссэн мэдээллээ авах боломжтой. Нууж хаах зүйл огт байхгүй. Машины гаалийн бичгийг ч нүдээрээ харж болно. Хогны машины сэлбэгүүдийг харъя гэвэл харуулж болно.

- Хэрэглэгч худалдаж авч байгаа машинаа хаана үйлдвэрлэснийг өөрөө яаж мэдэх боломжтой вэ?

- Хилээр орж ирсэн автомашин бүрд гаалийн бүрдүүлэлт хийдэг. Тэгэхээр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс хаана үйлдвэрлэснийг нь харах бүрэн боломжтой.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"



Бусад