Нүүр >> Медиа >> Ярилцлага >> З.Алтан: Goodyear зэрэг компаниуд нэр хүнд, брэнд бүтээгдэхүүнээ ингэж хамгаалдаг, хайрладаг
2013.04.07

З.Алтан: Goodyear зэрэг компаниуд нэр хүнд, брэнд бүтээгдэхүүнээ ингэж хамгаалдаг, хайрладаг

Моннис Групп машины эд анги, дугуй борлуупалтаараа анхдагч компанийн нэг. Ямар ямар компанийн албан ёсны дистрибьютороор ажилладаг вэ?

Манай компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаа учраас бие даасан охин компаниуд бий болох нь бизнесийн зарчим биз. Өнөөдрийн байдлаар "Моннис Констракшн экьюпмент" компани дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Liebherr", "Nissan", "Goodyear", "Scania", "Duratray", "Esco", "Kawasaki, "Bomag","Allison", "Terex" гэх мэт компаниудын техник хэрэгсэл, эд анги, дугуй оруулж ирдэг. Эдгээр компаниудын машин, техник уул уурхай, барилга, газар тариалан, хөрс хуулалт, ачаа тээврийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм билээ.

Таны удирдаж байгаа компани машины дугуй оруулдаг. Дотоодын зах зээлийн хэдэн хувийг хангадаг вэ?

Дэлхий дээр Goodyear буюу бусад гэсэн дугуйны компаниуд байдаг гэхэд болно. Монголын зах зээл дээр Goodyear тэргүүтэй гурван компани нийлээд зах зээлийн 80 хувийг хангадаг юм билээ. Гэхдээ дугуйны зах зээл маш их өрсөлдөөнтэй болсон. Хятад, Оросын компаниудаас гадна хувь хүн хүртэл энэ бизнест хүч үзэж байна шүүдээ. Гэхдээ хэр хурдтай ажиллахаас гадна нөөцтэй байвал зах зээлд амжилт гаргадаг.

Уул уурхайн компаниудын 220 тоннын даацын техникт хэрэглэгддэг гэрийн буурины хэмжээтэй дугуйн олдоц ховор гэж сонссон. Энэ үнэн үү?

Таны хэлээд байгаа шиг гэрийн буурийн хэмжээтэй дугуйг 63-тай гэж нэрлэдэг юм. Ийм хэмжээний дугуйг Goodyear тэргүүтэй гурван компани үйлдвэрлэдэг. Тийм учраас дөрвөөс таван жилийн өмнө үйлдвэрлэгдээгүй дугуйг авахын тулд компаниуд тэдний дансанд нь мөнгөө зуун хувь байршуулаад захиалдаг байхгүй юу. Goodyear компани л гэхэд ийм том хэмжээний чанартай дугуйг жилдээ мянгаас илүүг үйлдвэрлэдэггүй.

Үйлдвэрээс нь бус Хятад ч юм уу, Оросын хар зах дээрээс авч болохгүй гэж үү?

Ямар ч баталгаагүй дугуйг чанарыг эрхэмлэгч уул уурхайн компаниуд авахаа байсан. Том дугуйг сонгохдоо хүртэл говьд, хангайд явах гэдгээр хүртэл ангилна. Мэргэжилтнүүд дугуйг хатуу зөөлөн, хээ гээд олон зүйлийг харж уул уурхайн компанид нийлүүлдэг. Хамгийн гол нь үйлдвэрээс баталгаатай дугуй авах хэрэгтэй.

Том хэмжээний дугуйны үнэ ханш ямар байдаг юм бэ?

Хар зах дээр нэг ширхэг 57-той дугуйг 130 гаруй мянган ам.доллараар зарна. Нэг машинд зургаан дугуй хийнэ гэж бодоход 700 гаруй мянган ам.доллар болно гэсэн үг. Манайх шиг хариуцлагатай, албан ёсны дистрибьютор. компани нэг дугуйг 130 гаруй мянган ам.доллараар зарах эрхгүй. Биднийг Goodyear компани хянана. Араас нь ирж үзнэ. Тэгээд ч манай компани 57-той дугуйг 70 гаруй мянган ам.доллараар зарж байна. Зах зээлийн ханшаас хямд зарах нь албан ёсны дистрибьютор байгаагийн учир утга юм.

3,5-4 тонн жинтэй дугуйг ачиж буулгах, тээвэрлэхээс эхлээд асуудал гарах уу?

Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд машин, техникийн багаж төхөөрөмжиндөө их анхаарах болсон. Хүний хүчээр биш техник, технологийн дэвшилтэт аргаар машин, техниктэйгээ харьцдаг болжээ. Тэгээд ч том дугуйг ачиж буулгахад зориулагдсан тусгай багаж төхөөрөмж бий.

Хар зах дээрээс 700 гаруй мянган ам.доллараар авсан зургаан ширхэг дугуй ямар хугацаанд ажиллах бололцоотой бэ?

Тэр самосвалиуд 220 тонн ачаа ачихаас гадна өөрийн жинтэй нь нийлүүлэхэд 300 гараад явчихна. Хятадын муу дугуй авахад жилдээ 2-3 удаа солих шаардлага гардаг юм билээ. Үнэ ханш яахав гэж бодоход аюулгүй байдал гэж асуудал бий. 300 гаруй тонн жинтэй машины дугуй дэлбэрвэл төсөөлөх аргагүй осол дагуулж мэднэ. Нөгөөтэйгүүр нэг дугуй солиход бүтэн өдрийн ажил зогсоно. "Goodyear" гэх мэт компанийн сайн дугуй авахад жил гаруйн хугацаанд санаа зовох зүйлгүй.

Уул уурхайн компаниудад дугуй шахна гэсэн ойлголт яваад байдаг л даа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

Хариуцлагатай бизнес хийж байгаа компанид дугуй шахна гэсэн ойлголт байхгүй. Маш өндөр шалгууртай, тендерийн шалгаруулалт дор явагддаг бизнес. Goodyear компани мөнгөө байршуулсан болгонд брэнд болсон дугуйгаа өгдөггүй. Энэ дугуйгаа хаана, ямар үнээр өгөх бэ гэдгийг асууна, тодруулна. Тэгээд дугуйгаа нийлүүлнэ. Жилдээ 5-6 удаа ирж шалгана.

Хэнийг тэр вэ?

Goodyear компанийн мэргэжилтнүүд жилдээ 5-6 удаа ирж газар дээр нь шалгана. "Моннис Констракшн экьюпмент" компанийн борлуулагч нар гэрээнд заасны дагуу дугуйгаа аль уурхайд ямар үнээр нийлүүлсэн бэ гэдгийг шалгана. Шалгалтаар алдаа гарсан бол манай эрхийг цуцлана шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Goodyear зэрэг компаниуд нэр хүнд, брэнд бүтээгдэхүүнээ ингэж хамгаалдаг, хайрладаг. Тэр дугуй болгон хүн шиг нэртэй, кодтой гээд бод. Давхар дугуйныхаа элэгдлийн явц, чанар зэргийг үзээд зөвлөгөө өгөөд буцдаг.

Энэ том дугуйг оруулж ирэхэд ашиг хэр байдаг юм бэ?

Манай компани 5-7 хувийн ашиг хардаг. Нугардаг, хугардаг бизнес гэж байхгүй. Бараа материал үнэтэйгээс гадна бүх төлбөр тооцоо банкаар явдаг учраас хүү төлнө.

Эрдэнэс MGL компанийн хариуцлагатай албан тушаалтан "Эрдэнэс-Таван толгой"-д "Моннис" групп 3,6 тэрбум төгрөгийн хятад дугуй шахсан гэж мэдэгдсэн. Яагаад тийм мэдээлэл өгөх болсон юм бол?

2011 онд "Эрдэнэс-Таван толгой" компанид дугуй нийлүүлэх тендер зарлагдсан. Дотроо гурван багцтай тендерт есөн компани оролцсон. Манай компанийн тухайд дэлхийд чанараараа тэргүүлэгч Goodyear дугуйг санал болгосон юм. Энэ тендерт манай компани 3,7 тэрбум төгрөгийн үнэ хэлээд ялагдсан. Гурван багцанд шүү дээ.

Яагаад ялагдав?

Бид өндөр үнэ, чанарыг санал болгосон ч ялагдсан. Гэтэл танай сонин дээр 3,6 тэрбум төгрөгийн чанаргүй дугуй нийлүүлсэн гэж бичигдсэн. Тэр тендерт USS trade гэдэг компани ялсан. "Эрдэнэс-Таван толгой" компанид чанаргүй дугуй нийлүүлсэн гэж үзвэл тендерт ялсан аж ахуйн нэгжтэй ярих асуудал болов уу.

Танай группын зүгээс "Эрдэнэс MGL." Компанийн удирдлага уучлалт гуйсан уу?

Хариуцлагатай албан тушаалтан хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг байх ёстой. Манайх ганцхан "Эрдэнэс-Таван толгой" компанитай харьцдаггүй. "Оюу толгой", "Эрдэнэт", "Энержи ресурс" гээд уул уурхайн бүх компанитай харьцдаг. 1800 гаруй ажилтантай том групп шүү дээ. Танд мэдээлэл өгсөн "Эрдэнэс MGL" компанийн хариуцлагатай албан тушаалтан ташаа мэдээлэл өгч бизнесийн нэр хүндэд халдсанд харамсаж байна. Олон жил зүтгэж цуглуулсан нэр хүндийг нэг албан тушаалтны хариуцлагагүй мэдэгдэл сүйтгэх бололцоотой шүү дээ. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай байх нь зүйтэй болов уу.

Т.ЭРДЭНЭ | Өдрийн сонин



Бусад