Нүүр >> Медиа >> Ярилцлага >> Д.Сайнбаяр: Моннис Групп олон зуун айлын орон сууцны төсөл дээр ажиллахаар боллoo
2013.04.03

Д.Сайнбаяр: Моннис Групп олон зуун айлын орон сууцны төсөл дээр ажиллахаар боллoo

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох саналаа өгөөд анхны даваагаа давчихлаа. Яагаад энэ ажилд оролцохоор болов?

Шинэ Засгийн Газрын бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотыг үтэр түргэн хугацаанд утаанаас салган, иргэдийг тав тухтай амьдруулах үндэсний хэмжээний хөтөлбөрт оролцож хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын тодорхой бүсүүдэд олон мянган айлын орон сууцны төсөл дээр эрсдлээ даагаад ажиллах болж байна. Өнөөдөр олон Монгол өрх аль өнгөрсөн зууны үе шиг амьдарч байна. Хөрсний бохирдлын тухай бид төдийлөн ярихгүй байна. Хөрсний, агаарын бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна шүү дээ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд оролцохыг бид нийгмийн хариуцлага гэж ойлгож, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүссэн. Хувийн хэвшлээ ард иргэд нь сайн дэмжээсэй гэж хүсэх байна. Улс эх орны энэ бүтээн байгуулалтыг бид хамтдаа л хийх ёстой. Түүнээс биш илүү ашигтай бизнес цаана чинь зөндөө байгаа. Ингэж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа компаниудаа ард иргэд дэмжээсэй, ад үздэг байсан бол битгий ад үзээрэй гэж хэлэх байна.

Сонгосон байршилдаа хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн төслүүдээсээ хуваалцаач?

Бид аль болохоор бага талбай ашиглаж, 15-аас дээш давхар, орчин үеийн орон сууцыг, ногоон технологи ашиглаж барихыг төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээ болж өгвөл орон сууцтайгаа зэрэг барих санаа байна. Ард иргэд маань хэрхэн хамтрахаас бас их шалтгаална.

Төсөл хэрэгжүүлэх гэж буй байршлаа хэр судалсан бэ?

Судалж байсаан. 2-3 жилийн өмнөөс судалсан. Ер нь энэ бизнес эрсдэл өндөртэй бизнес шүү. Гэхдээ бид энэ ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж компанийнхаа урт хугацааны зорилтод төлөвлөсөн байгаа.

Газрын үнийг төрөөс тогтоосонгүй. Иргэд компанийн тохиролцоон дээр тулгуурлана гэж байгаа. Энэ хэцүү биш үү. Ямар санагдаж байна? 

Газар болоод эд хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлэхийг хичээнэ. Гэхдээ зах зээлийн бус хэт өндөр үнээр зарахыг хичээх хүмүүс байгаа. Энэ буруу шүү. Зах зээлийн бус өндөр үнээр үнэлээд эхлэх юм бол хот маань орон сууцжих боломжгүй болно. Компаниуд бас тодорхой хэмжээний үр ашигтай, эрсдлээ хаасан маягаар ажиллах ёстой. Иргэд үүнийг ойлговол зүгээр. Насаараа гэрт байгаад байх уу, яах вэ гэдгээ бодож үзэх биз ээ. Газрыг хувьчлалаар үнэгүй авсан. Түүнийх нь оронд байр амалж байгаа компаниудаас олон зуун сая төгрөг нэхээд байлгүйгээр, байраар соливол хэн ч бодсон ашигтай л байж таарна. Нэг компани, нэг өрх, нэг Засгийн асуудал биш юм л даа. Өөрийн тань эргэн тойрны олон хүний, олон зуун өрхийн амьдралд нөлөөлж байгааг эх орончоор ухамсарлах ёстой.

Байр баригдах хугацаанд оршин суугчдаа хаана байршуулах вэ?


Болж өгвөл бүгдийг нь орон сууцанд оруулах бодолтой байна. Дараагийн барилга баригдтал, аятайхан орон сууцанд түрээсийг нь төлөөд иргэдээ байршуулах боломжтой. Манай хувьд тийм бололцоо бүрэн байна, түүнийгээ бардам хэлж чадна.

Эхний барилга хэзээ ашиглалтад орох бол?

Бид энэ жил ажлаа эхлээд дараа оны 3 дугаар улиралд эхний орон сууцаа ашиглалтад өгнө гэж бодож байна. Энэ ажилд асар их хөрөнгө, сэтгэл, хүч шаардагдана. Гэхдээ үүнээс шантарч болохгүй. Хөгжил биднийг хүлээхгүй.

Моннис цамхаг гэхээр хүмүүс андахгүй. Одоо ямар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

Моннис групп 1998 оноос хойш олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. 15 давхар Моннис цамхагийг хотын төвд барьсан. Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд манай 16 давхар өндөр зэрэглэлийн орон сууцны барилга баригдаж байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт иргэдийн оролцоо их чухал. Иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?

2013 онд Монгол улсад тэр тусмаа 14 дүгээр хороонд амьдарч байгаа иргэдийг их азтай гэж би бодож байна. 1990 онд бид орон сууцжуулах төслийн тухай ярьж чадахгүй байсан. Тийм болохоор өөрийнхөө амьдарч буй цаг үетэйгээ хөл нийлүүлж, сайн зүйлийг нь олж хардаг байх ёстой. Энэ хороолол цоо шинэ хөгжлийн эхлэл гэж бодож байна. Энд амьдарч байгаа хүмүүсийг хэдэн жилийн дараа орон сууцтай байх сайхан ирээдүй хүлээж байна. Ийм ирээдүйг хамтдаа бүтээх ёстой. Манай компани болон энэ төлөвлөлтөд оролцож байгаа бусад компанитай хамтран ажиллаарай гэж иргэдээсээ хүсье. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй компаниудаараа би бахархаж байна.

Баярлалаа. Таны болон танай компанийн хамт олны ажилд амжилт хүсье.

Ярилцсан П.Болор
www.shinebair.mn / Тэнхлэг зууч сэтгүүл



Бусад