Нүүр >> Компаниуд >> Эрчим Концерн

Эрчим Концерн

Эрчим концерн нь инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, угсралт, үйлдвэрлэлийн менежмент, консалтингийн үйлчилгээ, цахилгаан станцын тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, тохиргоо хийх үйл ажиллагаа явуулдаг Монголын эрчим хүчний ууган компаниудын нэг юм.

Эрчим концерн нь анх 1974 онд байгуулагдсан ба Дархан хотын цахилгаан станцын уурын зуухыг засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд TЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг Монголын томоохон цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийн тохиргоог хийх, угсрах, засварлах зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ирснээрээ үндэсний эрчим хүчний компаниудаас ялгардаг. 2010 оноос Эрчим концерний менежментийн баг үйл ажиллагааны стратеги, бизнесийн бодлогодоо дэвшилтэт өөрчлөлтүүд хийсэн юм. Үүний үр дүнд эрчим хүчний салбарын гадаад дотоодын нэр хүндтэй компаниудтай байнгын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын томоохон төслүүд дээр ажиллах болжээ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал 2010 онд Оюу Толгой төслийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн инженерийн зураг төсөл, 2011 - 2012 онд Монголын хамгийн анхны хос хэлхээт, хос утастай 330кВ-ын тулгуур бүхий ЦДАШ-ын барилга угсралт, материал ханган нийлүүлэх төслүүдийг амжилттай гүйцэтгэж, захиалагчид төслийн хугацаанаас өмнө амжилттай хүлээлгэн өгсөн байна.

Өдгөө бид Prophecy Power Generation компаний хэрэгжүүлж буй 600МВ-ын хүчин чадалтай Чандганы цахилгаан станцын барилга угсралт, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх дотоодын боломжит түншээр сонгогдож, анхан шатны зураг төслүүдэд оролцож байна. Түүнчлэн, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Моннис Урбан Девелопмент ХХК-ны хамтран хэрэгжүүлж буй 14 -р хороолол дахь гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн цахилгаан, дулааны шугам сүлжээний зураг төсөл, угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

2012 оноос хойш Эрчим концерн нь дотоод үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ, төслийн менежмент, гүйцэтгэлийг олон улсын түвшинд хүргэх үүднээс ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ.

Эрчим концерн нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Зөвлөлийн гишүүн, Монголын гагнуурын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч юм.

АЛСЫН ХАРАА
Монголын шилдэг инженеринг, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) цогц үйлчилгээ үзүүлэгч компани байх.

Эрчим концерны үйл ажиллагааны чиглэл болон засварын цехийн үйлчилгээнүүд:

  • Эрчим хүчний инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн цогц үйлчилгээ;
  • Цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоноглолын үйлдвэрлэл, засвар, угсралт, тохируулга;
  • 0.1-5МВ-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, түүний туршилт, тохируулга;
  • 0.4-220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, хуваарилах байгууламжийн засвар, угсралт, туршилт, тохируулга; • 80.0 кгх/см2-аас дээш даралттай зуух, даралтат савны засвар, угсралт, туршилт, тохируулга;
  • 80.0 кгх/см2-аас дээш даралттай шугам хоолойн засвар, угсралт, туршилт, тохируулга;
  • 40.0 кгх/см2-аас дээш даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, туршилт, тохируулга;
  • Tөмөр хийц, бүтээц;
  • Өндөр даралтын шугам хоолойн угсралт, өндөр зэрэглэлийн гагнуур;
  • 0.4 кв-ийг 0,1-100 кВт хүртэлх, ДАЗО, АЗМ маркийн 500 кВт-аас дээш хүчин чадлын хөдөлгүүрийн сэргээн засварлалт, туршилт тохируулга;
  • 6300 хүртэлх киловольтын хүчин чадалтай 6, 10, 35 киловаттын хүчдэлтэй өндөр хүчдэлийн трансформаторуудад тохиргоо хийх, шалган туршиж үзэх, өөрчлөх, засварлах.
  • Иргэний, үйлдвэрлэлийн, инженерийн бүтцүүдийг үйлдвэрлэх, угсрах сүүлийн үеийн технологиор төсөл боловсруулах ба зөвлөгөө өгөх.

Компаниуд